2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дугаар 02 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ТАНАА
Шаардлага хүргүүлэх тухай
Оюу Толгой төслийн зардлын хэтрэлт, татвар төлөлт хангалтгүй тухай байнгын маргааны зэрэгцээ далд уурхайн дизайн нь 2012 онд дутуу дулимаг хийсэн ТЭЗҮ ба БОНБНҮ-ний улмаас газрын тогтворгүй байдлыг тооцож чадаагүй, үүнээс үүдэн олборлолт 2 жил гаруй хойшилж зардал нь 2 тэрбум орчим ам.доллараар нэмэгдсэн, өрийн дарамтад орж ноогдол ашиг ойрын хугацаанд авахгүй болоод байна. Энэ бүхнээс дүгнэхэд тус уурхай Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна гэх баталгаагүй байна.
Үүний зэрэгцээ үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газар хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нэрээр харалган алхамууд хийж ирсэн. Тухайлбал, 2009 оны 10 дугаар сард байгуулсан Оюу Толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол Улсын Засгийн газар татвар ногдуулах тусгаар эрхээсээ татгалзаж, татварын зохицуулалтыг 30 (+20 жил) жилээр сунган тогтворжуулахдаа татварыг зөвхөн өсгөхгүй байх буюу татвар буурах нөхцөлд бага татвар төлж байхаар тохирч Монгол Улсын эдийн засаг, ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарт нэн шаардлагатай байгаа олон зуун сая долларын орлогоос татгалзсан. Мөн 2015 оны 5 дугаар сард байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө нэртэй Дубайн гэрээгээр энэхүү шударга бус гэрээ, санхүүжилт, зардал хэтрэлтийн маргааныг шийдэх нэрийдлээр улам доройтуулж, татварын маргааныг үгүйсгэсэн, зөвхөн арбитрын шүүхийн замаар маргаан шийдвэрлэх заалтыг баталсан.
Улмаар 2018 онд Монгол Улсад төлбөл зохих татвар 155 сая ам.долларыг нэхэмжилсний төлөө Рио Тинто “ХОГ-ний Бүлэг 14, Дубайн гэрээний 8.1: Маргаан шийдвэрлэх зохицуулалт”-ын дагуу Монгол Улсын Засгийн Газрыг Лондон дахь Олон улсын Арбитрын шүүхэд өгсөн. Гэтэл Монгол Улсын Засгийн газар сөрөг нэхэмжлэл гарган энэ олон жилийн маргааныг эцэслэж, Монголын ард түмний өмнө тулгарсан олон жилийн мөлжлөгийг зогсоох улс төрийн зориг гаргахгүй байгааг буруушааж байна.
Хүний эрхийн Форум (ХЭФ) Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “... газрын хэвлий, түүний баялаг ... төрийн нийтийн өмч...”, “Байгалийн баялгийг ашиглах ...нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах...”, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргах боломжийг алдалгүй төрийн ба улс төрийн хүчнүүдийн байр суурийг нэгтгэн, дэмжиж ажиллахыг УИХ ба Ерөнхийлөгчөөс, бэлтгэлээ хангаж, сөрөг нэхэмжлэлийг даруй гаргахыг Засгийн газраас шаардаж байна.
Ингэхдээ, нэхэмжлэл гаргах чадварлаг хуульчдын баг бүрдүүлэх, сөрөг нэхэмжлэлийг хариуцан ажиллах арбитрын багт хяналт тавих зорилгоор хөндлөнгийн, хараат бус үндэсний болон олон улсын иргэний төлөөллөөс оруулахыг шаардаж байна.
Энэ шаардлагыг хүлээн авсан эсэхээ нэн даруй мэдэгдэж, хариуг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 24 цагийн дотор өгнө үү.
Хүний эрхийн форум нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсад хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах, эрсдлийг бууруулахын төлөө ажилладаг 60 орчим ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн сүлжээ юм.
ХҮНДЭТГЭСЭН,
ХҮНИЙ ЭРХИЙН ФОРУМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД
Жич: Шаардлагад нэгдсэн ТББ-уудын жагсаалтыг хавсралтаас үзнэ үү.
Холбоо барих утас 99035470. Уг шаардлагын хариуг ХЭФ-ын энэ сарын даргалагч байгууллага Глоб Интернэшнл Төвийн ayushjav@globeinter.org цахим хаягаар илгээнэ үү. Хэрэв шуудангаар илгээх бол дараах хаягийг ашиглана уу:
Глоб Интернэшнл Төв
Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их Тойруу 68/1, Логос төв 902
Шуудангийн салбар 38, ШХ – 102
Улаанбаатар – 15141
Хавсралт 1
ШААРДЛАГАД НЭГДСЭН ХҮНИЙ ЭРХИЙН ФОРУМЫН ГИШҮҮН ТББ-УУД
Глоб Интернэшнл төв ТББ
Гүнж төв ТББ
Залуус эрүүл мэнд төв ТББ
Их Бага Баяншарга ТББ
ЛГБТ төв
Митчелл сан ТББ
Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо ТББ
Оюу Толгойн Хяналт ТББ
Саяанаа Сайн Сайханы Нийгэмлэг ТББ
Сэтгэлзүйн мэдрэмж ТББ
Түгээмэл Эрх Хөгжил ТББ
Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо
Хил хязгааргүй алхам ТББ
Хил хязгааргүй гол мөрөн эвсэл ТББ
Хүний эрх хөгжил төв ТББ
Хүнс эвсэл ТББ
Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв
Хэрэглэгч сан ТББ
Шаардах бичгийг pdf хувилбараар унших бол энд дарна уу.