Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2020.01.29  UPR-ийн Үндэсний илтгэл танилцуулах уулзалт боллоо
2019.12.11  “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөг боллоо
2019.12.10  “Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн зах боллоо
2019.12.01  “Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн өдөрлөг болно
2019.11.17  Бизнесийн салбарынхныг “Олон Улсын Хүний Эрхийн Өдөр”-ийг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтрахыг уриалж байна
  “Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн зах боллоо

Монгол дахь хүний эрхийн нөхцөл байдал болоод НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээсэн тайлангийн мэдээллийг олон нийтэд танилцуулах “Бидний эрх-Хүний эрх”  мэдээллийн зах 2019 оны 12 сарын 9-ний өдөр боллоо. 

Энэхүү мэдээллийн өдөрлөгт UPR буюу Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт тайлан илгээсэн Хүний Эрхийн Форумын гишүүн байгууллагууд оролцож олон нийт болон сэтгүүлчдэд мэдээлэл танилцууллаа. 


Манай улс “Universal Periodic Review” буюу НҮБ-ын гишүүн улс орнууд хүний эрхийн нөхцөл байдлаа тайлагнадаг Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт энэ жил 3 дахь удаагаа тайлангаа илгээгээд байна. Уг тайланг дөрвөн жил тутамд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээдэг бөгөөд одоогийн байдлаар UPR тай ижил төстэй өөр механизм байдаггүй. UPR-ийн эцсийн зорилго нь хүн төрөлхтний тусын тулд хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь сайжруулах явдал юм. 


UPR нь жилд 3 удаа хуралддаг. 2 долоо хоног үргэлжлэх нэг удаагийн хуралдаанаар 16 улсын асуудлыг авч үзсэнээр 4 жилд гишүүн бүх улсынхаа хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэж дуусдаг. Энэ үеийг UPR-ийн нэг мөчлөг гэнэ. Хүний эрхийн зөвлөлийн 47 гишүүн улсаас бүрдсэн ажлын хэсэг UPR-ийг удирдан явуулж гаргасан шийдвэрийг Хүний эрхийн зөвлөлийн бүгд хурлаар хэлэлцдэг. 

UPR-ийн хэлэлцүүлэгт орж байгаа улсын хүний эрхийн төлөв байдлыг үнэлэхдээ тухайн улс нь НҮБ-ын дүрэм, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, нэгдэн орсон хүний эрхийн олон улсын болон бүс нутгийн гэрээ хэлэлцээр, Хүний эрхийн зөвлөлийн гишүүнд нэр дэвшихдээ болон олон улсын өмнө авсан бусад үүрэг амлалтуудыг хэрхэн хэрэгжүүлж байгааг дүгнэн үздэг.


UPR-т төрийн болон төрийн бус байгууллагууд илтгэлээ илгээх бөгөөд цаг хугацааны хувьд ТББ-ын илтгэл түрүүнд байна. ТББ-ын илтгэлийг үндэсний илтгэлтэй адил авч үздэг бөгөөд Хүний эрхийн зөрчилтэй асуудлыг олон улсын тавцанд гаргах, дэмжлэг авах, төр засагтаа нөлөөлөх нэг боломж учраас манай улсын болон бусад орны ТББ-ууд UPR-т ихээхэн ач холбогдол өгдөг байна. 


НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол