Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2017.12.08  “Хэнийг ч орхилгүй хөгжье!” олон нийтийн цуглаанд оролцогсдоос тавьсан шаардлага
2017.12.07  “Хэнийг ч орхилгүй хөгжье!” нээлттэй цуглаанд оролцож эв санаагаа нэгтгэн, дуу хоолойгоо өргөхийг уриалж байна
2017.12.07  “Хэнийг ч орхилгүй хөгжье!” нээлттэй цуглааны хөтөлбөр
2017.09.22  Хүний эрхийн ТББ-ын Форумын гишүүд НҮБ-ын Тусгай илтгэгч Жон Нокстой уулзлаа
2016.11.20  “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад урьж байна
  “Хэнийг ч орхилгүй хөгжье!” нээлттэй цуглаанд оролцож эв санаагаа нэгтгэн, дуу хоолойгоо өргөхийг уриалж байна

Хэвлэлийн мэдээ

Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум (ХЭФ)-аас 12 дугаар сарын 8-ны өдрийн 12.00-15.00 цагт Сүхбаатарын талбайд “Хэнийг ч орхилгүй хөгжье!” нээлттэй цуглаан зохион байгуулна.

Нээлттэй цуглааныг  12 дугаар сарын 9-ний Хүний эрхийг хамгаалагчдын өдөр, 12-р сарын 10-ны Олон улсын Хүний эрхийн өдрийг угтан Хүний эрхийн үндэсний комисс, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд, мөнгөн хуримтлалын бүлгүүдийн холбоод, залуучуудын хөгжлийн төвүүд хамтран зохион байгуулах юм. 

Зохион байгуулагчид цуглаанаар дамжуулан
1. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд шийдвэрлэх нийгмийн тулгамдсан асуудлуудыг хүний эрхийн өнцгөөс харах, холбогдох хүний эрхийн зөрчлийг тодорхойлж, шийдэх арга замын тухай иргэний нийгмийн байр суурийг таниулах;
2. ТХЗ-ын хэрэгжилт хүний эрхийн зөрчлийн шийдлээс хамааралтай болохыг олон нийт, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад ойлгуулахад хувь нэмэр оруулахыг зорьж байна.

2015 оны 9-р сарын 25-нд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулган дээр дэлхийн 193 улс орнууд Тогтвортой хөгжлийн 17 зорилго 169 зорилтыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх амлалт, үүрэг авсан.

НҮБ-ын ТХЗ-ын үзэл санаа нь нийгэм, эдийн засаг, байгаль орчныг эн тэнцүү авч үзэн, ядуурал өлсгөлөнг арилгаж, чанартай боловсрол, эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээ экологийн тэнцвэр бүхий хүрээлэн буй орчинд үзүүлж, хүн – баялаг - эх дэлхий – энх тайван - хамтын ажиллагаа гэсэн тогтвортой хөгжлийн таван тулгуур баганыг бэхжүүлэхэд чиглэжээ.

Дэлхийн улс орнууд  ТХЗ-ыг хэрэгжүүлэхээр сайн дурын үндэсний болон орон нутгийн хэмжээнд үнэлгээ, дүгнэлт хийн олон талаар хэлэлцүүлж, үр дүнг жил бүр болдог НҮБ-ын Өндөр хэмжээний улс төрийн форумд илтгэж байна. Ийм замаар улс орнууд ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй сорилт, шийдвэрлэж буй арга замын тухай сайн туршлагаа хуваалцан, харилцан суралцах ажлыг 2016 оноос эхлэн шамдан хэрэгжүүлж байна. Эдүгээ 65 орон сайн дурын үнэлгээ, хэлэлцүүлгийг үндэсний хэмжээнд хийсэн бөгөөд ирэх онд 48 улс хийхээр мэдэгдлээ.  

2016 оны 2-р сард “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг баталсан УИХ-ын 19-р тогтоолоор ТХЗ-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Засгийн Газар жил бүрийн нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл болон төсөвт салбар тус бүрээр тусган ажиллаж, хэрэгжилтийн тухай УИХ-д хоёр жил тутам тайлагнахыг заасан ба 2018 онд энэ хугацаа нь болох юм.

ТХЗ-ыг бодитой хэрэгжүүлэхийн тулд хөгжлийн төвд ХҮН АМАА тавьж, хүний эрхийг  хангах, хамгаалах нөхцлийг бүрдүүлэх, хүний эрхийн зөрчлийг арилгах, ялангуяа хүний эрхийн системийн зөрчлийг илрүүлж, эрх зүйн орчин, бодлогын цоорхой, хэрэгжилтийн гажуудлыг арилгах зайлшгүй шаардлагатай. Хүн амаа хөгжлийн төвд тавихдаа юуны өмнө ямар нэг шалтгаанаар ил, далд, шууд болон шууд бус гадуурхалд өртөн мэдээлэлгүй, оролцох чадваргүй зэргээс шалтгаалан хөгжлийн үр шимийг хүртэж чадалгүй хоцордог бүлэгт хамгийн түрүүнд анхаарч “хэнийг ч ардаа орхихгүй” хөгжих нь ТХЗ-ын гол үзэл санаа, хүний эрхийн зарчим бөгөөд хүний эрхэд суурилсан хөгжлийн арга зам юм. Зөвхөн ийм арга замаар нийгэмд үүссэн тэгш бус байдлыг бууруулж, арилгах боломжтой.

ТХЗ бүр нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бөгөөд тулгамдсан асуудал бүр хүний эрхийн зөрчлөөс үүсэлтэй. Иймээс хүний эрхийн зөрчлийг арилгахгүйгээр ТХЗ-ыг хэрэгжүүлэх боломжгүй юм. Жишээ нь зохистой түвшинд амьдрах  эрхийн зөрчлийг арилгахгүйгээр ядуурлыг арилгах ТХЗ-1 хэрэгжихгүй бөгөөд хүнсний эрхийн зөрчлийг арилгахгүйгээр өлсгөлөнг устгах ТХЗ-2 хэрэгжихгүйюм. Үүний нэг адил ТХЗ бүрийн хүрээнд тулгарч буй хүний эрхийн зөрчлүүдийг арилгаж байж тэдгээрийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

ТХЗ-ын хүрээнд хүний эрхийн олон зөрчлийг дурдаж болно. Тухайлбал: 
•    Ядуурал, ажилгүйдэл
•    Боловсрол /багш нарын ажил хаялт/
•    Эрүүл мэнд
•    Хүүхэд, охид, эмэгтэйчүүд, ахмадын эсрэг хүчирхийлэл
•    Хүний эрхийн хамгаалагчдын асуудал
•    Нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээ
•    Залуучууд
•    ЛГБТ
•    Байгаль орчин ба хүний эрх
•    Бизнес ба хүний эрх
•    Эмэгтэйчүүдийн эрх
•    Тэгш бус байдал г.м.

ХЭФ энэ үйл ажиллагааг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. 2015 онд “Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалъя”, 2016 онд “Оролцооны эрхийг баталгаажуулъя” сэдвээр зохион байгуулсан. 2016 оноос эхлээд Хэнтий, Дорнод, Өвөрхангай аймаг, Сүхбаатар аймгийн Дарьганга, Онгон сум зэрэг орон нутагт энэхүү нээлттэй цуглаан зохион байгуулж байна.

                                                                                 Хүний эрхийн ТББ-ын форум

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол