Хэвлэлийн мэдээХҮНСНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТУХАЙ
Монгол Улсын Хүний эрхийн ТББ-уудын Форум 2010 оноос эхлэн хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдлын мэдээлэл бэлтгэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл /ХЭЗ/-д хүргүүлж, тус Зөвлөлөөс МУ-ын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжүүдийн хэрэгжилтэд мониторинг үнэлгээ хийх ажлыг тогтмол, тогтвортой хэрэгжүүлж ирсэн.
Хүнсний тусгаар тогтнолын төлөө эвсэл, түүний гишүүн байгууллага болох Хүний эрх хөгжил төв, Хил хязгааргүй алхам ТББ болон Эрэгтэйчүүдийн холбоо хамтран “Хүнсний эрхийн хэрэгжилт” тайланг боловсруулж, Хүний эрхийн ТББ-уудын Форумаар хэлэлцүүлж, 2014 оны 09 сарын 15 нд НҮБ-ын ХЭЗ-д хүргүүлээд байна.
Хүнсний эрхийн хэрэгжилтийн тухай энэ удаагийн илтгэлийг бичихдээ НҮБ-ын ХЭЗ-өөс хүнсний эрхтэй холбоотой өгсөн зөвлөмжүүд, түүний хэрэгжилтийн тухай Засгийн Газрын дунд хугацааны тайлан, Хүнс эвсэл ТББ-аас 2014 оны 3 сард зохион байгуулсан “Хүнс хөдөө аж ахуйн бодлогод хүний эрхэд суурилсан хандлагыг нэвтрүүлэх нь” Үндэсний зөвлөлдөх уулзалтын баримт бичгүүд болон бусад холбогдох тайлан, илтгэл, албаны статистик мэдээллийг ашиглав.
Тус тайланд 2011 оны НҮБ-ын ХЭЗ-ийн ээлжит хуралдаанаар Азербайджан, Бангладеш, Словени улсуудаас өгсөн хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах тухай (84.103; 84.104; 84.105); Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Индонез, Куба улсаас өгсөн ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжлийг эмзэг бүлгийг хамгаалахад чиглүүлэх тухай (84.30; 84.31; 84.114); Аргентин, Франц улсаас өгсөн ЭЗНСЭОУП-ын хэрэгжилтээр Засгийн Газрын 4 дэх тайланг бичиж илгээх тухай, ЭЗНСЭОУП-ын Нэмэлт протоколд нэгдэн орох тухай (84.5 ба 84.39)-р зөвлөмжүүдийн хэрэгжилтийн тухай өгүүлнэ. Мөн хүнсний эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа ядуурлын шалтгаан болох ажлын байрны хомсдол, хөдөлмөрийн мөлжлөг, үүний эсрэг улсаас тогтоосон хөдөлмөрийн хөлсний тариф байхгүй байгаа зэрэг асуудлыг хамрууллаа.
Хүнсний эрхийн хэрэгжилтийг хангах төрийн үүргийн биелэлт хангалтгүй, үр дүн, хүртээмж муутай байгааг тодорхой баримтад тулгуурлан дүгнэсэн бөгөөд хүмүүсийн өлслөнгөөс ангид байх эрхэд орлогын хомсдол, үнийн өсөлт нөлөөлж байгааг тусгасан. Мөн хүнсний эрхийн хэрэгжилт хангагдахгүй байхад хөдөлмөрийн хөлс хэт бага, хөдөлмөрийн тогтсон тариф байхгүй, хувийн салбарт ажиллагсдын ҮЭ байгуулах эрхийг баталгаажуулсан хуулийн зохицуулалт байхгүй байгаагаас хүмүүс хөдөлмөрөө мөлжүүлж, улмаар ядуурал гүнзгийрч, улирлын чанартай өлсгөлөнд нэрвэгдэж, өлсгөлөнгөөс ангид байх эрх ньзөрчигдөж байгааг онцлон тэмдэглэсэн.
Иймд дээрх нөхцөл байдлыг дээрдүүлэх талаар 3 чиглэл бүхий 13 зөвлөмжийг тайланд дурьдсан болно. Үүнд: Өлсгөлөнгөөс ангид байх эрхийн чиглэлээр: 1. Бодлого боловсруулагчид, хууль, шүүхийн байгууллагууд, төрийн албан тушаалтнуудын ЭЗНСЭОУП-ын Нэмэлт протоколын тухай мэдлэг ойлголтыг сайжруулах, ЭЗНСЭ болон хүнсний эрхийг хуульчлан баталгаажуулах.
2. Ядуу, эмзэг бүлгийн иргэдийн хүнсний хэрэглээнд үнэлгээ хийж, тэдний өлсгөлөнгөөс ангид байх эрхийг баталгаажуулах. Хүнсний талон тараах хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ядуу, эмзэг бүлгийн нийт өрхийг хамруулах.
3. Хүн амын хоол тэжээлийн дутагдлыг арилгах арга хэмжээ авах, үр дүнг харуулах тоон мэдээллийг тогтмол гаргах
4. ЕБС-ийн бага ангийн сурагчдад “Үдийн цай хөтөлбөр”-ийн хүрээнд өгч буйхүнсний бүтээгдэхүүний илчлэг, шимт бодисыг стандартаднийцүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах
5. Эмзэг бүлгийн хүүхдэд зориулсан хүнсний хөтөлбөр нь хүүхдийн хүнсний бүтээгдэхүүнээр авах хоногийн илчлэг, шимт бодисын физиологийн нормын хэдэн хувийг хангаж байгааг тодорхойлох. Хүүхдийн хүнс, тэжээлийн дутагдлыг арилгах бусад арга хэмжээтэй уялдуулах.
6. Хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгааг тогтмол хийж, бага орлоготой иргэд физиологийн шаардлагатай хүнсээ хэрэглэж чадаж байгаа эсэхийг үнэлдэг болох
Зохистой хүнс хэрэглэх эрх 7. Хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулах, иргэд, ТББ-ын оролцоог хангах, тэдний чадавхийг бэхжүүлэх, санхүүжилт, эрх зүйн орчноор дэмжих
8. Хүнсний бүтээгдэхүүний лабораторийн хүчин чадал, хүртээмжийг үнэлэх, тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчин болон бусад хангамжийг сайжруулах.
9. Сургууль, эрдэм шинжилгээний лабораторид хүнсний бүтээгдэхүүн шинжлэх магадлан итгэмжлэл олгох, шинжилгээний дүнг олон нийтэд мэдээлэх эрхийг олгох.
10. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз иргэдэд зориулж хүнсний асуудлаар шинжлэх ухаанд суурилсан ойлголт, мэдлэг, хүнсний бүтээгдэхүүний тухай бодит мэдээлэл түгээх тогтмол нэвтрүүлэгтэй болох
Хүнсний эрх ба хөдөлмөр эрхлэлт11. Хөдөлмөрийн хөлсний тариф тогтоож, хэрэгжүүлэх
12. Хувийн хэвшлийн салбарт хөдөлмөрийн гэрээ байгуулж, хэрэгжүүлдэг болох. Үүнийг баталгаажуулах оновчтой зохицуулалт хийх
13. Ажил олгогчдод ажилчдын эрх ашгийг хамгаалах байгууллага байгуулах ажилчдын эрхийг зөрчихгүй байхыг үүрэг болгосон заалтыг Хөдөлмөрийн хууль болон бусад холбогдох хуульд оруулах тухай зөвлөмжүүдийг боловсруулж хүргүүллээ.
Монголын Хүний эрхийн ТББ-уудын Форум
2014 оны 11 дүгээр сарын 11 өдөр