НҮБ-ын Хүний Эрхийн Хорооны гишүүн Кристер Телин, Иргэний болон Улс Төрийн Эрхийн Төвийн захирал Патрик Мютценберг нар Монгол Улсад 2011 оны 12-р сарын 5-9-ны өдрүүдэд албан айлчлал хийлээ. Уг айлчлал нь НҮБ-ын ХЭХ-ны Иргэний болон Улс Төрийн Эрхийн Олон Улсын Пакт (ИУТЭОУП)-ын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын ээлжит 5 дахь илтгэлийг хэлэлцээд ХЭХ-ноос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх зорилготой юм.
Айлчлалын хүрээнд Иргэний болон Улс Төрийн Эрхийн Олон Улсын Пакт (ИУТЭОУП)-ын дагуу Монгол Улсын Засгийн Газрын тайланд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлаар ТББ-уудтай нэг өдрийн хэлэлцүүлэг, мөн төрийн байгууллагууд болон ТББ-уудтай хамтран дугуй ширээний ярилцлага уулзалт зохион байгуулна.
Төлөөлөгчид УИХ-ын Хүний Эрхийн Дэд Хорооны дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын Хуулийн бодлогын зөвлөх, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын захирал нартай уулзана.
Монгол Улс “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт” –д 1968 оны 01 дүгээр сарын 05-нд гарын үсэг зурж, 1974 оны 11 дүгээр сарын 18-нд соёрхон баталжээ.
Монгол улсын Засгийн газар “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт”-ын хэрэгжилтийн талаарх ээлжит 5 дахь илтгэлийг 2003 оны 3 дугаар сарын 31-нд НҮБ-ын Хүний эрхийн Хороонд явуулах байсан ч 2009 оны 6 дугаар сард буюу хугацаанаас 6 жилийн дараа илгээсэн байна.
2011 оны 3-р сард АНУ-ын Нью-Йорк хотод болсон НҮБ-ын ХЭХ-ны 101 дүгээр хуралдаанаар
Монгол улсын Засгийн газрын Иргэний болон улс төрийн эрхийн тав дахь илтгэлийг хэлэлцээд 27 зүйл бүхий зөвлөмж өгсөн бөгөөд хуралдаанд ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.