Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх хуулиудыг,иргэд, олон нийтийн оролцоогүй хэлэлцэхгүй байх тухай шаардлагыг хүргүүллээ

МОНГОЛ УЛСЫН  ИХ ХУРЛЫН ДАРГА Г. ЗАНДАНШАТАР, 

ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮД ТАНАА


Нийтийг хамарсан хөл хорионы хугацаанд, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх хуулиудыг,

иргэд, олон нийтийн  оролцоогүй хэлэлцэхгүй байх тухай шаардлага. 


Монгол улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 3.1-д “Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ  эдэлнэ” гэсэн заалтыг үндэслэн УИХ-ын  Эрхэм дарга, Гишүүд та бүхэнд  хандан энэхүү  шаардлагыг хүргүүлж  байна.

Учир нь УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх хуулийн жагсаалтанд орсон зарим хуулийн төслийн хэлэлцүүлгийг цар тахлын эсрэг нийтийг хамарсан хөл хорионы хугацаанд хэлэлцүүлэн батлах нь нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагын оролцооны эрхийг зөрчих эрсдэлтэй байна. 

Иймээс  Хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1.5-д “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж, санал авах”- заалтыг үндэслэн эрдэс баялгийн салбарын хуулиуд болон бэлчээрийн тухай  хууль зэрэг нийтийн эрх ашгийг хөндөх хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах тухай доор дурьдсан хуулийн төслийн хэлэлцүүлгийг хөл хорио тавигдтал  хойшлуулах. Үүнд: 

1. Ашигт малтмалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөл;

3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

4. Цөмийн энергийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5. Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1.6-д “ хууль тогтоомжийн төсөлд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагын саналыг авах”,  мөн хуулийн 38.5.4-д “олон нийтийн цахим сүлжээгээр хэлэлцүүлэг явуулах” гэж заасны дагуу дараах хуулийн төслийн хэлэлцүүлгийг хөл хорионы хугацаанд хийх бол олон нийтийн оролцоог  ханган цахимаар хийхийг шаардаж байна. Үүнд:                   

1. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

2. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

3. “Төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлал батлах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 

4. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 

5. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг болно. 

Хууль тогтоомжийн тухай хуулийн заалтыг үндэслэл болгон тавьсан бидний шаардлагыг харгалзан үзэж Үндсэн хуулийн эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна. 

Шаардлагатай холбоотой илүү тодруулга хэрэгтэй бол Хүний эрхийн Форумын гишүүн байгууллагууд хүргүүлэх болно.  


    Хүндэтгэсэн:

ХҮНИЙ ЭРХИЙН ФОРУМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД



Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм