2020 оны 04 сарын 15 өдөр Дугаар 3 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮД БОЛОН
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА С. БЯМБАЦОГТ ТАНАА
“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын төсөлд санал өгөх тухай Монголын Хүний эрхийн ТББ-уудын Форум нь 2010 оноос эхлэн хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах чиглэлээр хамтран ажиллах зорилго бүхий 50 гаруй ТББ-уудыг эгнээндээ нэгтгэн ажиллаж байна. Бид хүний эрхийг хангах, хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд иргэний нийгмийн идэвхтэй оролцоо чухал хэмээн үздэг бөгөөд энэ хугацаанд хууль тогтоомжийн төсөлд хамтарсан санал шүүмж гаргах, хүний эрх зөрчиж байгаа хууль тогтоомжийг засч сайжруулах зөвлөмжийг хууль тогтоогчдод хүргэж ирсэн билээ.
Монгол Улсын Засгийн газраас улс орны хөгжлийг урт хугацаанд төлөвлөхөд чиглэсэн “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг боловсруулж, хүний хөгжлийн зорилтыг тусгайлан дэвшүүлсэнд талархаж байгаа боловч уг төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, санал авахдаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон холбогдох журмыг мөрдөөгүйд шүүмжлэлтэй хандаж байна.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар баталсан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлаагүй, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030" бодлогын баримт бичиг, суурь үнэлгээний мэдээлэлд үндэслэгдэн тодорхойлогдсон үндэсний хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтүүдтэй уялдуулаагүй байна.
Орлогын тэгш бус байдал нь боломжийн тэгш бус байдалд хүргэж байгааг хүлээн зөвшөөрсөн нь сайн хэрэг ч ядуурлыг бууруулах, нэн ядуурлыг арилгах тусгайлсан зорилго, зорилт уг бодлогын баримт бичигт тусаагүй байна. Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгааны дүнгээс харахад ядуурлын түвшин өндөр, нийт хүн амын 28,4 хувь буюу 904,9 мянган хүн ядуу амьдарч, 15 хувь нь ядуурлын шугамд ойрхон, эмзэг байдалтай байгаа нөхцөлд халамжийн бодлогоо үргэлжлүүлэх хувилбар орсон байгаа нь Алсын харааг маш хариуцлагагүй, харалган болгоход хүргэжээ.
Тогтвортой хөгжлийн “Хэнийг ч үл орхих” суурь үзэл баримтлалыг хангасан, ядуус, нэн ядууст чиглэсэн, тэднийг хөгжүүлэх, ядуурлаас гаргах, дундаж давхаргад шилжүүлэх үе шаттай, үнэлэх шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинтэй тодорхой бодлого нь энэ алсын харааны гол цөм байх ёстой гэж бид үзэж байна.
Тиймээс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, стратеги, хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтүүдтэй уялдуулан сайжруулах чиглэлээр Хүний эрхийн форумаас гаргасан тодорхой саналыг хавсаргав.
Гэвч нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цаг үед урт хугацааны бодлогын баримт бичгийг яаран батлахгүйгээр дээр дурдагдсан үзэл баримтлалд нийцүүлэн сайжруулж, КОВИД-19-ийн нийгэм, эдийн засаг, санхүүгийн байдалд нөлөөлөх байдлын зураглал гарсан хойно ард нийтээр хэлэлцүүлэхийг хүсч байна.
Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл
Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо
МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ
Оюу толгой хяналт ТББ
Сэтгэлзүйн мэдрэмж төв
Түгээмэл хөгжил төв
Хил хязгааргүй гол мөрөн эвсэл
Хүний эрх хөгжил төв
АЛСЫН ХАРАА 2050: УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ