Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд санал хүргүүллээ

2020 оны 04 сарын 24 өдөр        Дугаар 5         Улаанбаатар хот


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ТАНАА


Санал хүргүүлэх тухай 


Хүний эрхийн форумаас цар тахалтай тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд өгсөн санал Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуульд тусгалаа олсонд талархаж байна. Үүний ялдамд УИХ-ын цахим хуудсанд тавигдсан Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон Гамшгаас хамгаалах тухай, Зөрчлийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд зарим санал, шүүмж оруулж байгааг хууль хэлэлцэхдээ анхааран үзнэ гэдэгт найдаж байна. Монгол Улс Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр явуулж буй үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод мэдээлж, иргэд, олон нийтийн шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг хангаж буй энэхүү хүчин чармайлт нь дэлхийн бусад улсад ч үлгэр дууриал болно хэмээн найдаж байна. 

Бид цахим хуудсанд тавигдсан Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон Гамшгаас хамгаалах тухай, Зөрчлийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй нухацтай танилцсан бөгөөд Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлд хүний эрхийн хязгаарлалтад тавих зарчмыг тусгайлан тусгасныг тун чухал алхам хэмээн үзэж байна. Харин дараах зүйл заалт дах хүний эрхийн хязгаарлалт, ногдуулах хариуцлага нь үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал, цуглаан зохион байгуулах, мэдээлэл хайх, олж авах зэрэг эрхийн хэм хэмжээнд үл нийцэж байна хэмээн үзэж, санал гаргалаа. Үүнд:

1. Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн 9.14-р зүйл “болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээллийг таслан зогсоох зорилгоор цахим хуудас болон олон нийтийн сүлжээний хандалтыг түр хязгаарлах, тархалтыг бууруулах...нэн даруй авна”, мөн 12.4-р зүйл “Цар тахал, өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбоотой олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглоно”, 14.2-р зүйл “Цар тахлын талаарх цаг үеийн болон цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбоотой үнэн бодит, мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч олон нийтэд хүргэнэ.”, Гамшгаас сэргийлэх тухай хуулийн төслийн 10.4.13. “олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд хяналт тавих, тэдгээрийн үйл ажиллагааг түр зогсоох, хязгаарлах”, Зөрчлийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 5.13.1 “...бусад эрсдлийн үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй...” гэсэн заалтууд нь цензур тогтоож байгаа заалт болж болзошгүй тул, “төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл”, “худал мэдээ”, “баталгаатай эх сурвалж” зэрэг томьёоллыг аль, аль хуулийн нэр томъёоны хэсэгт тайлбарлах замаар урвуулан ашиглахаас сэргийлэх, Гамшгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөөс 10.4.13 заалтыг хасах; 

2. Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн 9.15-р зүйл “...холбогдох мэдээллийг саадгүй гарган өгөх...” заалтад нууцыг хадгалах үүргийг нэмж тусгах;

3. Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн 12.3-р зүйл “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед жагсаал цуглаан хийх, нэг дор олноор буюу 4-өөс дээш хүн цугларахыг хориглоно.” гэсэн заалтыг “халдвар хамгаалалтыг зохих журмын дагуу биелүүлсэн тохиолдолд хориглохгүй байх”, мөн “ямар ч тохиолдолд цахим орчинд энэ эрхээ эдлэх явдлыг хөндөхгүй” гэсэн санааг тусган өөрчлөн найруулах;

4. Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн  төслийн 14.1-р зүйл “...үнэ төлбөргүй, саадгүй мэдээлнэ.” гэснийг “мэдээлж болно” гэж тусгаад Зөрчлийн хуулийн 5.13.4 дүгээр зүйлийг хасах;

5. Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн 10.4.17 “шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс холбогдох бүх төрлийн мэдээллийг авах” гэсэн нь урвуулан ашиглагдах эрсдэлтэй тул “шаардлагатай тохиолдол” гэдгийг хуулийн нэр томъёоны хэсэгт тодорхойлж, “бүх төрлийн” гэснийг хасах, “гамшигт холбогдох мэдээллийг” гэж томъёолох;

6. Хүний эрхийн аливаа хязгаарлалт нь хуульд нийцсэн, зайлшгүй байх, зорилгод хүрэх хамгийн боломжит бага хэмжээнд хязгаарлахад чиглэх, ялгаварлан гадуурхахгүй байх, тодорхой хугацаанд үйлчлэх, эдгээр шалгуурт нийцэхгүй гэж үзвэл гомдол гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой байх учиртай. Тиймээс Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн 11-р зүйлд тусгасан зарчмыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд нэмж тусгах.

7. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 5.13 дугаар зүйлийн 2 дах заалтад “...сэрэмжлүүлэг, анхааруулгыг...” гэсэн хэсэг урвуулан ашиглагдаж болзошгүй тул илүү тодорхой тусгах


Мөн хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, хуульт ёсны зарчмыг хэрэгжүүлэх, эмзэг бүлгийн хамгаалалтыг сайжруулах үүднээс дараах саналыг гаргаж байна.

1. Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн 25.2,  Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн 7.1.2 дугаар заалтуудаар эрх мэдлийн хяналт, тэнцвэр алдагдуулсан байгааг эргэж харж засах шаардлагатай;

2. Иргэний нийгэм бол Засгийн газрын бодлого бүх талуудын ялгаатай хэрэгцээ, нөлөөллийг харгалзсан байдлаар гарах, нийгмийн халамжийг эмзэг бүлгийн хэрэгцээнд нийцсэн байдлаар хүргэх, олон нийтэд мэдээлэл түгээхэд гол түнш тул шийдвэр гаргах, хэрэгжилтэд хяналт мониторинг хийх, үр нөлөөг үнэлэхэд оролцоог хангах заалтыг тусгах;

3. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, орлогыг хамгаалах арга хэмжээ нь нийт хүн амд чиглээгүй, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шууд хамааралгүй зарим тусгай ажил заасан байгааг анхаарч, залруулах;

4. Мэдээллийн дутмаг байдал нь худал мэдээлэл түгэх, иргэдийг төөрөгдүүлэх орон зай бий болгодог тул мэдээллийн чөлөөт урсгалыг хөхиүлэх, улмаар “худал” мэдээлэл нэрийн доор хүний эрхийн хамгаалагчид, сэтгүүлчдийн эрхэнд халдах ёсгүйг баталгаажуулах;

5. Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн зарчмын 5-р зүйлд “тодорхой бүлгийн эмзэг, эрсдэлт байдлыг харгалзах, сөрөг нөлөөллийг бууруулах” зарчмыг нэмж тусгах;

6. Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн 6.1-р зүйл дээр хуулийн хэрэгжилтийн талаар олон нийтэд мэдээлэх гэсэн санааг нэмэх;

7. Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн 9-р зүйлд хэргийн хүнд, хөнгөнөөс хамааруулан хэрэг маргааныг цахимаар шийдвэрлэх байдлаар шуурхай шийдвэрлэх зохицуулалт нэмж тусгах;

8. Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн 7.1.13 дугаар зүйлийг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-р зүйл, түүний тайлбарт дурдсантай нийцүүлэн томьёолох;

9. Коронавируст халдвар (COVID 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн 7.1.21-д “өвчилсөн байж болзошгүй” гэдэг үгийн ард “тусгаарлагдсан” гэсэн үгийг нэмэх;

10. Мөн уул уурхайн салбарын үйл ажиллагаа, олборлолт эхлэж байгаатай холбогдуулан  эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд сөрөг нөлөөлөл үүсч байна. Иргэд эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалахад хорио цээрийн дэглэм хязгаарлалт болж буй тул тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх, уул уурхайн нөлөөллийн бүсийн иргэдийн эрхийг хамгаалах, биенесийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, шилжилт хөдөлгөөн, тээвэр ложистикийн үйл ажиллагаа эрхлэгчдэд цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, онцгой дэглэмийг мөрдөх үүрэг хариуцлагыг хуулинд тусгах;

11. Цар тахлын үед хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны төсөл, хөтөлбөрт хамрагдсан айл өрхүүдэд түр суурьшуулах орон байр санал болгохгүйгээр шууд гэрээ байгуулах, нүүхийг шаардах, нүүлгэн шилжүүлэхийг хориглох, зогсоох зохицуулалтыг тусгах. 


Хүний эрхийн форумаас санал болгож буй дээрх саналыг хуулийн төслийг хэлэлцэхдээ анхаарч үзнэ үү хэмээн Эрхэм хууль тогтоогчдоос хичээнгүйлэн хүсч байна.

Хүний эрхийн форумын гишүүн:

Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл

Глоб Интернэшнл төв

Монголын Эмнести Интернэшнл

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих холбоо

МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ

Иргэдэд туслах хүний эрх төв

Оюу толгой хяналт

Саяанаа Сайн Сайхны нийгэмлэг

Сэтгэлзүйн мэдрэмж ТББ

Түгээмэл эрх хөгжил төв

Тува эмэгтэйчүүдийн "Авам" холбоо

Хил хязгааргүй гол мөрөн эвсэл

Хил хязгааргүй алхам ТББ

Хууль хүний эрх төв

Хүний эрх хөгжил төв

Хүйсийн тэгш эрхийн төв

Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв


Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм