Монгол Улсын Засгийн Газраас бэлтгэсэн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит тайланг танилцуулах уулзалт 2020 оны 1 сарын 27-ны өдөр ГХЯ-ны хурлын танхимд боллоо. Энэ уулзалтад ХЭФ-ийн гишүүн байгууллагууд буюу төрийн бус байгууллагын 20 орчим төлөөлөл оролцлоо.
Монгол Улс нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл 2 дахь хэлэлцүүлгийн үеэр 150 зөвлөмжийг хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан. Зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 204 дүгээр тогтоолоор баталсан байна. Уулзалтын үеэр ТББ-ын төлөөллүүдэд Үндэсний тайланг танилцуулж, зарим зөрүүтэй болон санал нийлэхгүй байгаа асуудлуудыг тодорхойлж тайланд дахин өөрчлөлт оруулахаар боллоо.
Засгийн газраас төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг Ерөнхий сайдын 2016 оны 112 дугаар захирамжаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулан байгуулсан. Зөвлөлийн гишүүдээр 11 яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, 4 агентлагийн дарга, 8 иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, нарийн бичгийн даргаар Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын дарга болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга нар ажилласан байна.
Засгийн газраас танилцуулсан үндэсний илтгэлийг энд дарж үзнэ үү.