МОНГОЛЫН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ФОРУМЫН МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэж байгаатай холбогдуулан Монголын Хүний эрхийн ТББ-уудын Форум (ХЭФ) шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр орж буй нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлэн энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Өнөөдрийн монголын нийгэмд өрнөж буй үйл явдал шударга ёсны баталгаа болсон шүүхийн хараат бус байдал алдагдсаныг бэлхнээ харуулаад байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүх, шүүгч хараат байгаа энэ тогтолцоо үүний буруутан билээ. Тиймээс энэ алдааг засах эрх зүйн үндсийг Үндсэн хуульд тусгаж байгааг бид сайшаан дэмжиж байна. Шүүгчийг томилдог байгууллага, хариуцлага тооцдог байгууллага тусдаа байдаг дэлхий нийтийн шалгарсан тогтолцоог Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан нь тун чухал хэмээн бид онцолж байна.
Ажлаасаа халагдахгүйн тулд даргадаа тал засдаг байдлыг шүүхэд хэрхэвч халдааж болохгүй, уул шугамандаа томилсон хүнийхээ төлөө ажилладаг шүүх хэзээ ч шударга байж чадахгүй. Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл буюу бүх насаар нь ажиллуулдаг, гагцхүү алдаа гаргасан тохиолдолд л огцруулдаг тогтолцоо шударга ёсыг илүүтэй хангадаг болохыг өндөр хөгжилтэй, шударга шүүхтэй бусад орны туршлага бэлхнээ харуулж байна. Тиймээс бүх шатны шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гартал, Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаатай зөвхөн ганц удаа, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг 9 жилийн хугацаатай зөвхөн ганц удаа томилох зохицуулалт нь шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг бэхжүүлэх тун оновчтой алхам хэмээн бид дүгнэж байна.
Тиймээс Эрхэм гишүүд Та бүхнийг дээр дурьдсан зохицуулалтыг дордуулахгүй батлах замаар шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхийг ХЭФ-ын гишүүд Бид уриалж байна.