Уугуул нутаг Сүхбаатар аймгийнхаа онгон дагшин байгаль, эцэг өвгөдөөс тахин шүтэж ирсэн Шарга-Уул, цаашлаад нүүдэлч соёл ахуйг уул уурхай, ашигт малтмал олборлогчдоос хамгаалахын төлөө тасралтгүй 11 жил тэмцэж ирсэн Л.Бор эгчтэй хийж зорьж буй ажил үйлсийнх нь талаар ярилцлаа. Түүнтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээрх уулзалт, сургалт, семинарт хэд хэдэн удаа өмнө нь таарч байсан бөгөөд бусдын төлөө, нутаг орныхоо төлөө хоолой зангируулан баримт мэдээлэл дэлгэж, энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж, тууштай ажиллаж байгааг нь хараад бахархах сэтгэл төрж билээ.
Та өөрийнхөө тухай болон байгууллагынхаа тухай танилцуулна уу?
Би уг гарлаараа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн. Социалист нийгэмд өсөж хүмүүжсэн сэхээтний адил дунд сургууль, МУИС төгсөөд цаг уурын инженер мэргэжил эзэмшиж аймагтаа станц, хэлтэс удирдаж цаг уурын системдээ 20 жил ажилласан. Дараа нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын засаг даргын орлогч,Ус Цаг Уурын Шинжилгээний Удирдах Газар хүний нөөцийн ажилтан гээд 10 орчим жил, нийтдээ 30 жил төрийн байгууллагад ажиллажээ. Сүүлийн 11 жил ТББ байгуулж ажиллаж байна.1990 оноос хойшхи жилүүдэд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Удирдлагын Академи төгссөн. Байгаль орчин, Хариуцлагатай уул уурхай, Хүний эрхийг хамгаалах чиглэлээр ч ардчилал хөгжсөн орнуудын хууль эрх зүйн, туршлагаас одоо ч гэсэн суралцаад л явж байна.
Харин АНУ-ын Азийн сангийн төслөөр “Байгаль орчны сургагч багш” болж, одоо байгаль орчны, иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр жилдээ 200-300 орчим орон нутгийн иргэд, насанд хүргэгчдэд сургалт,уулзалт ярилцлага хийж, өөрөө ч орчин үеийн залуус та нартайгаа хамт мөр зэрэгцээд суралцаад л явж байна.
“Их бага Баяншарга” гэж ямар утгатай нэр вэ? Яагаад байгууллагаа ийн нэрлэх болсон бэ?
Сүхбаатар аймгийг анх 1942 онд байгуулагдахад Дорнод, Хэнтий аймгаас хэсэг сумдыг таслан авч “Жавхлант-Шарга” аймаг гэж нэрлэж байжээ. Сүхбаатар жанжины 50 насны ойгоор “Жавхлант-Шарга” аймгийг Сүхбаатар аймаг болгосон түүхтэй. Жавхлант, Шарга гэдэг нь орон нутгийн иргэдийн эртнээс эдүгээ хүртэл тахиж шүтэж ирсэн уулс юм. Тухайлбал, Шарга уул-гэдэг нь Аймгийн төвөөс 40 орчим километрт шаргалтан харагддаг. Манай цаг уурын “алсын барааны тэмдэгт” уул юм. Ган зуд болдоггүй өвс ургамал сайтай энэ уулыг бараадсан нүүдэлчдийн мал сүрэг өсөж, өгөөж буянаа хайрладаг баяжуулдаг уул гэж одоог хүртэл тахиж шүтэж байдаг. Тэгээд Шарга уулаа –“Баяншарга” гэж нэрлэх болсон. Бас Чингис хаан дайн тулаанд явж байхдаа нэгэн шаргал мориныхоо толгойг энд залсан “Морины уул” ч гэсэн домог бий. Уулын эзэн шаргал морьтой баатар “Далх тэнгэр” гэж сударт нь бичсэн байдаг юм. Одоо Сүхбаатар аймгийн хурдан хүлгүүд “Жавхлант-Шарга” уяачдын холбоо гээд жил бүр том уралдаан зохион байгуулдаг болжээ. Баяншарга уулаа манай өвөг дээдэс маань ч тахиж шүтэж ирсэн. Энэ уулын тахилгын судар ном нь миний эцэгт болон нутгийн өвгөдөд хадгалагдан ирсэн байдаг. Баруун-Урт сумын орлогч дарга байхдаа Баяншарга уулын тахилгыг зохион байгуулж, уулын хоёр ч төвд судрыг манай сумын төвд судлаач хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн асан О.Сүхбаатар ахаар орчуулуулж хэвлүүлж, ном бичиж уулын тахилгаар тарааж байлаа. Хүн байгаль хоёр салшгүй хүйн холбоотой, байгаль орчноо хайрлан хамгаалж тахиж шүтэж ирсэн уламжлал нь залуу хойч үед маш хэрэгтэй юм. Хууль гэж байхгүй үед энэ уламжлалт ёс заншлаар онгон дагшин байгалиа хамгаалж ирсэн арвин баялаг түүхтэй ард түмэн шүү дээ. Энэ талаар залуус та нар судалж ажиллах юм бол их хэрэгтэй шүү. Харамсалтай нь энэ ажлаа орхиж ашигт малтмалын тухай хуулийн хоёр ч номыг навсайж урагдтал уншиж “библи” шиг салахаа больж “тэмцэх” зам руу хальтран орох болсон нь Баяншарга уулаа хамгаалахаас эхлэлтэй юм.
Уул уурхайн лиценз гаар ч байх үед юм даа. Баяншарга ууланд маань уурхайн лиценз гэгч “хувалз” шиг олноор олгогдсон сураг нэг өдөр сонсоод цочирдсон бас үнэмшээгүй. Хүний итгэл бишрэл, оюун санааны үнэт зүйлрүү халдахад цочирдож бухимддаг, байж суух газраа олж яддаг юм билээ. Одоо ингээд харсаар байгаад ухаж дэлбэлүүлж зүгээр суух юмуу? Үүний учрыг олж зогсооно гэж явж хөөцөлдсөн он жилүүдийн түүхийг ярих юм хэдэн ч ном болох байхаа. Лиценз гэж ямар учиртай юу болох тухай ч мэдэхгүй байсан би бараг мэргэжилтэн шахуу болж 3 жилд нь үр дүнгүй бичиг цаас дээш доош шидэж явсаар тав дахь жилдээ таван тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулж, “Баяншарга уулаа” аймгийн хамгаалалтанд оруулсан зэргээр “нөлөөллийн” их ажил хийсэн дээ. Энэ явцдаа ТББ-байгуулж “Баяншарга” уулынхаа нэрээр нэрлэсэн юм. “Их Бага”-гэдэг нь тэр хавийн салбар толгодыг ингэж нэрлэдэг юм. Улсын бүртгэлийн газраас “Баяншарга” гэж дангаар өгөхөөр нэр давхардана гээд “Их Бага”-гэж нэмсэн учиртай юм. Одоо манай ТББ байгуулагдаад 11 дэхь жилдээ ажиллаж иргэний нийгэмдээ танигдаж, ихэс дээдсийн дургүйг хүргээд ажиллаж л байна. Манай төр засаг уул нь гаргасан хуулиа хэрэгжүүлэх, иргэдийнхээ эрхийг нь хамгаалах, мэдээллээр хангахыг үндсэн хуулиар хүлээсэн байдаг ч хийдэггүй.
Баяншарга уулаа хамгаалахаар явахдаа Сүхбаатар аймгийн хамгийн үнэ цэнэтэй газрууд, тахилга шүтээн уул ус лицензд хамрагдсан байсныг олж мэдээд үүнийг ард иргэдэд мэдээлэх хэрэгтэй гэж “Баяншарга уул” гэсэн сонин гаргаж, өөртөө байсан бүх мөнгөөрөө хэдэн зуун хувь хэвлүүлж, хаврын салхи шуургатай нэгэн өдөр шуудангийн автобусанд сонингоо тэврэн сууж, аймгийн төвд тарааж явлаа. Сүхбаатар аймаг дахь Монголын радиогийн сэтгүүлч найз Я.Түмэннаст чиний сонин “бөмбөг дэлбэлсэн” шиг болсон гэж утсаар ярьж байж билээ.
Хүний эрх гэж юу болох тухай та өөрийнхөөрөө тайлбарлана уу?
Манай ард түмэн хүн нэмбэл хүнс нэмнэ. Хорвоод шинэ хүн ирэхдээ өөрийн хувьтайгаа ирдэг гэж ярьдаг даа. Тэгэхээр энэ нь одоогийн хуулийн хэлээр бол хүн төрөхөөс эхлээд буцах болтлоо амьд явах, идэх, өмсөх ...гэх мэт олон эрхүүд хамтдаа ирдэг “заяагдмал эрхүүд” юм болов уу гэж боддог.
Хүний нийгмийн наад захын эрхүүдийг манай ард түмэн эртнээс мэддэг хэрэгжүүлэхийг зорьдог байжээ. Тухайлбал Монголчууд “Хүн бүр толгой хоргодох оронтой, мөр бүтэн, гэдэс цатгалан, сэтгэл амгалан” байхад л болно гэж хүний эрхийн наад захын хэрэгцээ шаардлагыг маш энгийн сайхан үнэн учир утгатай тодорхойлсон байдаг. НҮБ-ын хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж гараагүй мэдэх ч үгүй байхад л ингэж хэлжээ. Эртний хаадын төр нь өтгөс, нялхас дорой буурайгаа асарч тэтгэх хууль цааз гаргаж, хүний амь егүүтгэх, хулгай худал хийвэл хатуу шийтгэл оногдуулж байсан зэрэг нь хүний эрхийг хүндэтгэн хамгаалж ирсэн түүх мөн биздээ. Тэр ч байтугай мал амьтны эрхийг хамгаалж унаж яваа мориныхоо толгойг ташуурдсан этгээдийг торгож шийтгэж байсан тухай баримт байдаг. Харин нүүдэлчин ард түмэн болохоороо ном сударт энэ бүхнийг бичиж үлдээсэн нь ховор юм болов уу? гэж боддог. Бидний үед том гүрний улс төрийн бодлогоор үндэснийхээ түүх, ёс заншил,өв соёлыг зааж байгаагүй учир залуус та нартаа зааж зөвлөх зүйл муухан байгаа нь харамсалтай. Залуус маань үндэсний түүх, үнэт өв ёс заншлаа мэдэхгүй учраас гадаадынхны хэлсэн ярьсанг туйлын үнэн гэж сармагчлан дуурайх хандлага ихэссэн. Өөрийнхөө үнэт зүйлийг мэдэхгүй учраас бүдүүлэг хоцрогдсон гэж ичиж зовох биш, авах гээхийн ухаанаар хандаасай гэж санагддаг.
Хүний эрхийг хамгаалах тэр дундаа Монгол орны газар нутаг, унаган байгалийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллахад таньд юу хамгийн их нөлөөлсөн бэ?
За даа. Дээр хэлсэндээ Баяншарга уулаа хамгаалахаар явж байгаад л ганц уулын асуудал биш энэ бол нүүдэлчин соёл иргэншилтэй Монгол улсын эмгэнэл гэдгийг ойлгосон. Нүүдэлчин малчид бэлчээрийн мал аж ахуйгаа, уул уурхайгаас хамгаалж чадахгүй хүчин мөхөсдөж, тэдний амьд явах эрх зөрчигдөж байхад хамгаалах үүрэгтэй төр юу ч хийхгүй байгааг хараад л “надад хамаагүй, хаданд чимээгүй” гэж чадахгүй байдаг. Ус, цаг уур гээд байгаль орчны мэргэжил эзэмшсэн нь цаанаасаа өгөгдөл байсан ч магадгүй юм. Одоогийн энэ хариуцлагагүй замбараагүй уул уурхайтай байх бодлого, хуулиудыг манай УИХ-аас баталж, Засгийн газар, компаниуд нь хуулиа огт хэрэгжүүлдэгтэй холбоотой байдаг. Ямар ч хөрөнгө мөнгөгүй, уул уурхайн мэдлэггүй хувь хүн, үүргэвчтэй аялагчид, дараа нь мөн хувцас зардаг дэлгүүр ажиллуулдаг, боов боорцог, комьютерийн үйлчилгээ явуулдаг гэх мэт татварт бүртгэлтэй компани нэртэй гадаад дотоодын этгээдүүдэд хүссэн тоогоор нь уул уурхайн лиценз олгодог хуулийг УИХ-аас баталсан. Дэндүү учир утга логикгүй ийм хууль гаргаж улсаа самууруулж байна ш дээ. Үүнийгээ гадаадын хөрөнгө оруулагч нарыг татах таатай орчин бүрдүүлж байна гэж 30 гаруй жил улиглаж, газар нутаг, баялгаа алдаж, хойч үеэдээ дааж давшгүй өр үлдээж, ард түмэн улам ядуурч байгааг зогсоох хүсэлгүй байдаг нь манай улс төрчид дундаас нь асар их ашиг олж байгаатай холбоотой.
Уул уурхайг аль ч улсын, аль ч нийгэмд , өндөр мэргэжлийн баг хүмүүстэй, асар олон техник тоног төхөөрөмж бүхий, хайгуулаас эхлээд хаалтаа хийх хөрөнгийн чадвартай компанид олон жил судалж байж лиценз олгодог хуультай юм билээ. Гэтэл ийм бусармаг улс эх орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдал, ард түмнийхээ эсрэг хууль баталж гаргаснаар нэг талаас бэлчээрийн нутаг, уух усаа алдаж, амьдрах орчноо сүйтгүүлсэн малчид, нөгөө талаас авилга хээл хахууль өгч хамаг хөрөнгө мөнгөө зарж олон лиценз авсан компаниуд ухах гэж улайрч дунд нь байгаль орчин сүйрч, мөргөлдөөн самуун өдөр бүр л энд тэндгүй гарсаар төрийн хяналтаас аль хэдийн гарчихсан байна. Эндээс дүгнэхэд амьд явах эрхийнхээ төлөө тэмцэж байгаа малчдын буруу ч биш, хамаг хөрөнгөө зараад лиценз авсан компаниудын буруу ч биш, эцэст нь ийм алдаатай буруу хууль баталж гаргасан манай төр буюу УИХ-ын буруу юмаа. Эрдэс баялгийн салбарын энэ мэт алдаатай эрсдэл дагуулах заалтуудыг эргэж харж одоохон засахгүй бол улс өрөнд орж газар нутгаа алдах аюул ойрхон байна.
Таны хамгийн их санаа зовниж явдаг зүйл юу вэ?
УИХ, Засгийн газраас дараах ажлыг хийхийг хүсэж байдаг. Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого, Эрдэс баялгийн салбарын хуулиудыг Монгол улсын ард түмнийхээ эрх ашгийн төлөө эргэн харж, эх оронч сэтгэлээр засах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн “санаатайгаар” оруулсан хуулийн ганц заалт монгол улсын хувь заяаг хөмрөөд хаячихаж байна ш дээ. Тухайлбал Ашигт малтмалын хуулийн 5.5-д газрын доорхи баялгийг ухаад гаргасан этгээдийн өмч гэсэн утгаар хуульчилсан энэ заалтыг үндэслэж Оюутолгой компанитай гэрээ хийгдэж, Монголын төр өөрийнхөө баялгийн 34%-ийг мөнгө төлж эзэмших болсон. Энэ мөнгө нь байхгүй учраас өндөр хүүтэй зээл Оюутолгой компаниас аваад дааж давшгүй өрөнд орсон нь хуулийн ганцхан заалт ямар аюултайг харуулж байна.Энэ мэт хуулийн ноцтой алдаатай заалтыг ярих юм бол олон байна л даа. Одоо хүчин төгөлдөр олгогдоод байгаа 3600 лицензийн хуулийн хэрэгжилтийг нэг бүрчлэн шалгах компант ажил хийж цэгцлэх, Хариуцлагатай цөөхөн том хэдхэн уул уурхайн компани байхад л хангалттай.
Нүүдэлчин соёл иргэншил, жинхэнэ эко бэлчээрийн мал аж ахуй гэдэг дахин давтагдашгүй, өсөж үрждэг, шавхагдашгүй нөөц баялагаа, гадны бодлогоор бэлчээрээ хувьчилж Өвөр монгол шиг болчихгүй байгаасай. Ер нь алсын бодолгүй хүнээс, ойрын зовлон салахгүй гэгчээр төрийн том бодлого нь зөв байвал жирийн ард түмэн бид ч аз жаргалтай элдвийн зүйлд хямарч үймрэхгүй, газар нутаг баялагтаа эзэн байж, үлдэх үр ач нартаа санаа зовах юмгүй амар тайван байх нь хүн бүхний л хүсэл юм даа. Даан ч тиймгүй болохоор хуулийн хүрээнд төрд хандаж шаардаж, гуйж хүсэж, жагсаж, хэвлэлийн хурал хийж боломжит бүх аргаа хэрэглэж “толгойгүй, нүдгүй, чихгүй” мэт “хүний мөсгүй” төртэй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр бид ядарч цөхөрч байна ш дээ.
Нутаг орныхоо төлөө гэх сэтгэл таныг энэ ажлаа тууштай хийхэд нөлөөлжээ. Уул уурхайгаас үүдэлтэй хор уршигийн талаар бид яриад л байдаг. Гэвч дорвитой алхам хийж байгаа нь цөөхөн хүмүүс байх шиг санагддаг.
Харсаар байтал хайран сайхан онгон дагшин байгаль уул ус, ой мод ургамал, ан амьтан араатан жигүүртэн хариуцлагагүй уул уурхайгаас болж сүйрч, эрдэнэт хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй үрэгдсээр байхад мэдээгүй, хараагүй мэт, дуртай цагтаа хүний заяанд төрсөн эрхийг минь хууль гаргаж булааж, бусниулж буй “төрийн бүлэг луйварчдын” дээрэлхэл доромжлол, иргэн хүн асуудлаа яриад хаана ч очсон “хад мөргөдөг” энэ бүх бусармаг байдлын эсрэг “өрцлүүлж буй хонь шиг бүлтэгнэж үхэхгүй, ямаа шиг ясанд нь янгитал бахирч байгаад үхэх минь”, үлдэх үр ач нар минь сайн сайхан шударга нийгэмд амьдраасай гэсэндээ л өөрийнхөө хүчин чадал боломжийнхоо дээд хязгаарт хүртэл тэмцэж яваа л нэгэн иргэн дээ.
Газар нутаг, байгаль орчноо хамгаалах чиглэлээр ажиллахад олон саад бэрхшээл тулгарч байгаа нь дамжиггүй. Тэдгээрээс хамгийн их хүндрэл бэрхшээлтэй зүйл нь юу байдаг вэ? Тулгарч буй саад бэрхшээлийг та хэрхэн даван туулдаг вэ?
Уул уурхайн хөрөнгө мөнгөтэй компаниуд, төртэй нэг эрх ашигтай, төрөөс гаргасан хуулийг огт хэрэгжүүлдэггүй хуулиас давсан эрх мэдэлтэй. Уул уурхайн компаниуд орон нутгийн захиргаа, иргэдийг, иргэний нийгмийг бол бүр тоохгүй.
Уул уурхайн салбараа төрийнхөн аль ч шатандаа хянах чадваргүй,гүнзгий авилгад идэгдсэн, төр засгийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой учраас мэдээлэл нь хаалттай. Зах зухаас нь арай гэж олсон мэдээллээ иргэдэд хүргэхээр дайсан мэт ад үзэх, элдвээр шалгах, чагнаж тагнах гэх мэт дарамтууд ирдэг.
Орон нутгийн иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, сургалт хийхэд ч УИХ гишүүн, намын эрх мэдэлтнүүдийн хардалт хориг нөлөөлөл их гарна. Ялангуяа сонгуулийн үеээр тэр намын үед, тэр дарга ийм олон лиценз олгосон гээд л лицензийн мэдээллийг гуйвуулж, мэдээлэлгүй иргэдийн тархийг угааж нэг нэгнээ унагах хэрэгсэл болгож их ашигладаг юм.
Эрх нь зөрчигдөөд туслаач гэж хүсээд байсан иргэдэд авилга өгчихсөн, өнөөх иргэд очиход өөр болчихсон, зугтаад алга болчихсон байх, сургалтыг цуцлах гэх мэт саад бэрхшээл гарна. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байгалийн баялгаас хувь ашиг хүртэх эрхтэй. Мөн эрхээ хамгаалах, төрөөр хамгаалуулах, мэдээлэл авах эрхтэйг л орон нутгийн иргэдэд ойлгуулах гэж л зааж зөвлөж явдаг энэ ажил маань уул нь төрийн хийх үүрэгт ажил юм шүү дээ. Гэтэл одоо чинь орон нутагт элдвийн найр наадам, морины уралдаан хийх нь төрийн үндсэн ажил нь болчихсон, иргэдэд мэдээлэл өгөх, хууль дүрэм сурталчлах ажил гэж хийгддэггүй. Төрийн энэ ажлыг нь хийлцэж тусалж явахад дэмжих үүрэгтэй орон нутгийн зарим хурган дарга нар ч намчирхаж дургүйцэх явдал ч гардаг л юм.
Бэрхшээл зовлонг туулан гарахад миний эмээ, бас аавын минь хэлж байсан үгс сургааль “орой руу орох шиг” их хэрэг болдог. “Муу хүмүүсийн муу үйлдлийг дор нь таслан зогсоохгүй бол түймрийн гал шиг бүхнийг аван хайлуулдаг” юм. Зовох цагт хатуужил, жаргах цагт сонор сэргэмж хэрэгтэй.
Өглөө босоод гэрээ, хотоо тойрч харвал юу нь болж, юу болохгүй байгааг харна. Болохгүй боллоо гэж “босго тотго” чинь бахирахгүй өөрөө харж, ухаарч засаж залруулж сайжруулдаг явдаг юм гээд л хэлдэг байж билээ.
Тэр ч байтугай аав минь “Лондон бол газар дээр байх нэг диваажин” гэж ярьж билээ. Хожим тэнд хөл тавихдаа, нээрээ мөнх ногоон арлын орон гэдэг чинь гайхамшигтай байгальтай, диваажинг дүрсэлдэг мөрөөдлийн газар юм гэж харсан. Тэр үед жалга довноосоо гарч үзээгүй энэ өвгөн яаж мэдэж байваа гэж гайхаж билээ. Бодвол салахгүй уншдаг тэр эртний шарласан ном сударт нь их учир ухаан байсан байхаа.
Хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж буй эсвэл ажиллахыг эрмэлзэж буй залуу хүмүүст та юу хэлэхийг хүсэж байна вэ?
Хүний эрхийг хамгаалах гэдэг амаргүй ажлыг цаанаасаа зүрх сэтгэлтэй, тууштай, шантрахгүй, өөрт ирэх эрсдлийг даван туулах чадвартай шударга хүний л хийх ажил юм даа. Туршлагаас харахад өөрөө эрх нь зөрчигдөж, тэр зовлонг бие сэтгэлээрээ туулсан хүн л үнэнчээр ажилладаг юм шиг.
Одоо хүмүүс ихэнхдээ хөгшин залуу гэлтгүй ашиг хонжоо харж л хүнтэй харьцдаг тусалдаг болсонтой алхам тутамд л тааралддаг. Бусдын эрхийг хамгаална гэдэг хүний чанартай холбоотой байхаа. Хүн чанаргүй хүнийг “хүн биш” хүний арьсанд нохойн мах чихсэнтэй адил гэж монголчууд ярьдаг даа. Ийм хүн хүний эрхийг хамгаалж чадахгүй, дүр эсгэж л ажиллах байх.
Ядарсан зовсон хүний эрхийг, өөрийгөө золиослоод хамгаалаад явах өгөгдөлтэй зүрх сэтгэлтэй нэгэн хэсэг байхад, амбиц дүр эсгэсэн төсөл хөтөлбөр, мөнгө хөрөнгөтэй бол яриад яваад байдаг түр зуурын нэгэн хэсэг “хүний эрх хамгаалагчид” гэсэн дүр зураг харагдаад байдаг л даа. Бидний өвөг дээдэс, эцэг эх маань сургахдаа “ядарсан нэгэнд тусалж бай, хүнийг өмссөн зүүснээс нь гадаад талаас нь ялгаварлаж дорд үзэж болохгүй. Дотроо ямарч хүн байгаа билээ. Хүний амьдралд ядарч хөл алдахад хүний ядуу нь тэр цагт тус болдог юм. Хүний ажлыг эхлээд бүтээж тусалж явбал, өөрийн ажил аяндаа бүтдэг. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ. Хүнд тус хийж явбал, өөр замаар ч хариу нь сайнаар ирдэг” гэх мэт сургадаг байсан нь одоогийнхоор бол хүний эрхийг хамгаалж тусалж яваарай гэсэн захиас юм уу даа.