НҮБ-ын Хүний эрхийн хороонд гурав дахь удаагаа илгээхээр бэлтгэж буй “Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдал” илтгэлийн төслийг энэ жилээс анх удаа орон нутагт хэлэлцүүлж байна.
Энэ удаагийн тайланг 2019 оны тав болон зургаадугаар сард Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Дорнод, Төв, Увс аймагт төрийн болон төрийн бус байгууллагуудын 300 гаруй төлөөлөлд тайлангийн төслийг танилцуулж, орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар санал солилцож, уулзалт хийв.
Хөдөө орон нутаг дахь хэхэлцүүлгийн үеэр төрийн тогтворгүй байдал, төрийн албан хаагчдыг улс төрийн үзэл баримтлалаар ялгаварлах, гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй, цагдаагийн орон тоо хүрэлцэхгүй, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд дэмжих бодлого, үйл ажиллагаа байхгүй, уул уурхайн бизнесээс болж иргэд, малчид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэж чадахгүй хохирч байгааг нийтлэг шүүмжилж байв.
Энэ удаагийн орон нутгийн хэлэлцүүлгийг Нээлттэй Нийгэм Форум ТББ-ын дэмжлэгтэйгээр ХЭФ-ын гишүүн болох Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо, Хил хязгааргүй алхам, Оюутолгой хяналт, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Эмнести интернэшнл, ЛЭОС байгууллагууд гардан зохион байгуулсан бөгөөд Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Хүний Эрхийн Үндэсний комисс зэрэг байгууллагууд дэмжин оролцлоо.
Мэдээлэл бэлтгэсэн: Ш.Ариунаа-Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо