А.Балдангомбо: Хичнээн сорилт, бэрхшээлтэй тулгарсан ч “ШАНТАРЧ БОЛОХГҮЙ”
Та өөрийгөө болон байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулна уу?
Намайг Балдангомбо гэдэг. Би ЛГБТ Төвд эрхзүйн хөтөлбөрийн менежерээр ажилладаг. “ЛГБТ Төв” ТББ нь 2007 онд үүсгэн байгуулагдаж, 2009 оноос хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс (ЛГБТИ) хүмүүсийн эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжихэд хувь нэмрээ оруулах зорилгоор байгуулагдсан ба зөвхөн ЛГБТИ хүмүүст зориулсан үйл ажиллагаа явуулаад зогсохгүй нийгэмд бэлгийн чиг баримжаа(БЧБ), хүйсийн баримжаа, илэрхийлэл(ХБИ)-ийг багтаасан хүний бэлгийн мөн чанарын тухай ойлголтыг таниулах, мэдлэг, мэдээллийг түгээх ажлыг олон түвшинд зохион байгуулдаг. Эдгээр ажлуудаа эрхзүй, эрүүл мэнд, залуучуудын хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлдэг.
Таны бодлоор хүний эрх гэж юу вэ? Та энэ ойлголтыг хэрхэн тайлбарлаж мөн бусдад хэрхэн ойлгуулахыг хичээдэг вэ?
Хүний эрх гэж юу вэ гэдэг асуултанд хариулахын өмнө нэг тохиолдол яримаар санагдчихлаа. Хуулийн сургууль төгсөөд нээх удалгүй Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий зөвлөлд ажилд орсон юм. Тухайн үед ахмад настны хөнгөлөлттэй зорчих үнэмлэхний тухай асуудлыг хөндөхөд дарга маань “Янз бүрийн ажил, мэргэжилтэй хүмүүс тэтгэвэрт гарч байгаа. Зарим нь өндөр албан тушаал хашсан байхад зарим хүн насаараа нярав хийсэн байж болно. Зарим хүний хүүхдүүд эдийн засгийн өндөр чадавхтай бол зарим нь үгүй байж болно. Тэтгэвэрт гараад үр ачаа өсгөж хүмүүжүүлээд гэрээсээ огт гарахгүй суух хүн бараг л үгүй болов уу. Найз, нөхөдтэйгөө уулзах, дэлгүүр хоршоо орох, урлаг, уран сайхны тоглолт үзэх гээд ахмадууд бусдын хараат байдалд орохгүйгээр нийгэм, соёлын эрхээ хэрэгжүүлэхэд нь энэ хөнгөлөлт маш их дэмжлэг үзүүлэх болно.” гэж билээ. Тэгэхээр энгийнээр хэлбэл хүнд хамааралтай, хүнээс өөрөөс нь салгаж болохгүй зүйл бол хүний эрх юм. Харин эрхээ хэрэгжүүлэхэд дагаад эрхзүйн үр дагавар үүсдэг нь хариуцлага гэж тодотгож болно. Бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэхгүйгээр өөрийн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг тайлбарлах замаар бусдад ойлгуулахыг хичээдэг дээ.
Танай байгууллага энэ жил “UPR”-ын тайланг гурав дахь жилдээ бэлтгэж байна. Өмнөх циклд ирсэн зөвлөмжийн биелэлт хэр байгаа вэ? Өнгөрсөн 4 жилийн хугацаанд манай улсын хувьд ЛГБТ-хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээр ямар ахиц дэвшил гарсан бэ? Эсвэл ахиц дэвшил гараагүй эсэх?
ЛГБТ Төв 2010 оноос хойш UPR( Universal Periodic Review буюу Хүний эрхийн түгээмэл ээлжит хэлэлцүүлэг)-т тайлан бичиж байгаа. Анх хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумд элсэж, цөөнхийн эрхээр ажилладаг ТББ-уудтай хамтран тайлан бичиж, хүргүүлж байсан ба тухайн үед Засгийн газар 126 зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжүүлэх байснаас 7 зөвлөмж нь Монголд амьдарч байгаа ЛГБТИ хүний эрхийг хангах, хамгаалах тухай зөвлөмж байсан. Цикль бүрд тайлан бичиж хүргүүлж байснаас 100 хувь хангалттай хэрэгжүүлсэн зөвлөмж бол Эрүүгийн хуулиар ялгаварлан гадуурхах үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон явдал юм.
Мөн хэрэгждэггүй, хэрэгжүүлэхийг хүсдэггүй юм болов уу гэж бодогдуулдаг зөвлөмжүүд байна. Жишээлбэл бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг хориглосон “иж бүрэн” хуультай болох зөвлөмжийг эхнээс нь авахуулаад сүүлийн 2 цикльд удаа дараа өгсөн байдаг. Мөн бусад гэрээний хороод ч давхардсан байдлаар энэ зөвлөмжийг өгсөн байдаг ч энэ талаар хангалттай хариулт өгөхгүй байна гэж үзэх үндэслэлтэй л юм. Магадгүй ЛГБТИ хүний эрхийн байгууллага санаачилсан, бичсэн, шаардсан гэдгээс нь болоод улс төрчид анхаарал төдийлэн хандуулахгүй байгаа юм болов уу гэж боддог. Гэтэл өнөөдөр энэ нийгэмд үндэс угсаа, гарал үүсэл, нас, хүйс ер нь байж болох бүхий л хэлбэрээр нэг нэгнээ ялгаварлан гадуурхах хандлага эрс нэмэгдчихээд байна гэж хэлбэл нэг их хилсдэхгүй л болов уу. Ялангуяа нийгмийн сүлжээ хийгээд цахимд орчинд энэ үзэгдэл нилээн газар аваад байх шиг байна даа. Нэмж хэлэхэд Нийгэмд БЧБ, ХБИ болон хүний эрхийн талаар бодит, зөв мэдээллээр хангах тухай зөвлөмжийг хэрэгжүүлдэг төрийн байгууллага их цөөхөн байгаа гэж хэлмээр байна.
Энэ жил бэлтгэж буй “UPR”-ын тайлан өмнөх жилүүдийнхээс ямар нэг онцлогтой бичигдэж байгаа юу? ямар асуудлаар голчлон бичиж байгаа вэ?
UPR-ийн тайлан бичихэд судалгаа, хүний эрхийн зөрчлийн баримтжуулалт маш чухал ач холбогдолтой байдаг. Яг ямар төрлийн хүний эрхийн зөрчил гарсан юм? Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр ямар байгууллагуудад хандсан? Хэрхэн шийдэгдсэн бэ? зэрэг олон асуултуудад хариулт авахын тулд дүн шинжилгээ хийдэг. Хэдийгээр 2017 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэсэн Эрүүгийн хуулиар ялгаварлан гадуурхах нь гэмт хэрэг боловч төрийн байгууллагууд хийгээд иргэд төдийлөн сайн мэдэхгүй байгаа. Жагсаал, цуглаан хийх эрхийг боогдуулдаг албан тушаалтны асуудал, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, гудамжинд халдлагад өртсөн ч хохирогчийг буруутгасан хандлагын асуудал хөндөгдөнө. Мөн жагсаал, цуглаан зохион байгуулсны дараа халдлагад өртсөн асуудал ч хөндөгдөх болно.
ЛГБТИ хүмүүсийн эрхийг хамгаалах парад удахгүй болно. Энэ ажлын хүрээнд танай байгууллагаас ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэж байна вэ?
Жил бүрийн 8-р сарын сарын сүүлчийн 7 хоногт “Тэгш эрх, бахархлын өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулсаар 7 дахь жилдээ золгож байна. Энэ жил 8-р сарын 24-нөөс 9.02-ны өдрийг дуустал зохион байгуулна. “Тэгш эрхийн төлөө” алхалт, “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн нээлтийн үйл ажиллагаа, “Эрхийн төлөө урлаг” уран бүтээлчдийн үзэсгэлэн, “Цэнхэр тэнгэрийн цаана” кино наадам, ЛГБТИ хүний эрхийг театрын урлагаар дамжуулан хүргэх “Күийр театр”, Хүний эрхийн тухай сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдийг эдгээр өдрүүдэд дэс дараатайгаар зохион байгуулна. Мөн “Цэнхэр тэнгэрийн цаана” кино наадам өргөжиж, энэ жил богино хэмжээний кино бүтээх уралдааныг уран бүтээлчдийн дунд зарласан байгаа. Эдгээр үйл ажиллагаанууд нь хүн бүрт нээлттэй зохион байгуулагдах бөгөөд “ЛГБТ Төв”-ийн фейсбүүк хуудас, твиттер, инстаграмаар дамжуулан мэдээллүүдийг авах боломжтой.
Хүний эрхийг хамгаалах тэр дундаа ЛГБТИ хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байх үед юу таны урам зоригийг хамгийн их хөглөсөн бэ?
Зарим хүмүүс БЧБ, ХБИ-ийн асуудлыг барууны соёлыг даган дууриагсад гэж үздэг л дээ. Энэ нь нийгмийн сүлжээнд ч, цахимд орчинд сэтгэгдэл бичиж буй байдлаас тодорхой харагддаг. Гэтэл бүх цаг үеийн туршид түүхэнд ЛГБТИ хүмүүс аж төрсөөр ирсэнийг түүхээс харж болно. Харин ЛГБТИ хүмүүсийн тухай түүхийг түүхийн хичээлд оруулдаггүй, хасчихдаг байдлаас болоод Монголд ч бусад улс орнуудад ч нийгмийн шинэ үзэгдэл мэт харагддаг байж болох юм. Тэгэхээр хүний эрх хамгаалагчийн хувиар хэлэхэд Дэлхий дээр ажиллаж, амьдарч буй ЛГБТИ хүний эрхийн хамгаалагчдын үйл ажиллагааг хараад тэдний амжилтаас маш их урам зориг авдаг. Мөн “ЛГБТ Төв”-д ажиллаж буй хамт олноосоо урам зориг авдаг. Яагаад гэвэл өөрийнхөө эрхийг хэрэгжүүлэхийн тулд хүн өөрөө хичээхгүй бол хэн ч дуугардаггүй, асуудал гэж хардаггүй ийм л нийгэмд амьдарч байна шүү дээ.
Тэгвэл юу хамгийн их хүндрэл бэрхшээлтэй байдаг вэ? Тэдгээрийг та хэрхэн даван туулдаг вэ?
Бусдын зүгээс ирж буй “үгүйсгэл” хамгийн том бэрхшээл болдог. Бүхэл бүтэн бие хүний оршихуйг домог мэт ам дамжсан худал мэдээлэлд үндэслэн үгүйсгэх нь байж боломгүй санагддаг. Тиймээс аль болох сөрөг мэдээллээс ангид байхыг хичээдэг. Нэгэнт төлөвшчихсөн хүний зүгээс ярьж, хэлж буй асуудлуудаас нь хэрэгтэйг нь аваад, хэрэггүйг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөчихдөг. Ингэж сурах нь бэрхшээлийг даван туулж буй хэлбэр юм уу даа. Харин хэлэх, ярилцах боломж гарвал энэ боломжийг аль болох алдахгүй байхыг боддог. Цаасыг чичихээс нааш цоордоггүйтэй адил үзэл бодлоо илэрхийлэх боломжоо хэзээд алддаггүй.
Хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж буй эсвэл ажиллахыг эрмэлзэж буй бусад хүмүүст та юу хэлэхийг хүсэж байна вэ?
Аливаа асуудлаар ажиллахад сорилт, бэрхшээл байнга тулгарч байдаг. Хүний эрхийн хамгаалагчдын барьдаг нэг зарчим нь хичнээн жилийг зарцуулсан ч бай, хичнээн сорилт, бэрхшээлтэй тулгарсан ч хамаагүй “ШАНТАРЧ БОЛОХГҮЙ” гэдэг зарчим их чухал санагддаг. Тиймээс хүний эрхийг хамгаалахаар шийдсэн бол эсвэл хамгаалахыг эрмэлздэг бол шантарч болохгүй гэж хэлмээр байна. Жишээ нь ЛГБТ Төвийн үйл ажиллагааг дэмжихээр эргэн тойронд чинь байгаа хүмүүс тухайн хүнийг өөрийг нь ЛГБТИ хүн гэж хардах тохиолдол зөндөө тохиолддог л доо. Энэ чинь нэг төрлийн сорилт шүү дээ, тиймээс эелдэгээр үгүй хариулт өгч сурах нь энэ сорилтыг давж туулж буй нэг хэлбэр юм даа.
Баярлалаа.
Ярилцсан Н.Зулзаяа