Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Аливаа бодлогын баримт бичигт манай санал туссан байвал ихэд урам авдаг

Ш.Ариунаа: Аливаа бодлогын баримт бичигт манай санал туссан байвал ихэд урам авдаг 

Хүний эрхийн форумын гишүүн байгууллагууд болон энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн хийж зорьж буй зүйлийнх нь талаар мэдээлэх зорилготой ярилцлагын буланг хөтлөхөөр боллоо. Энэ удаагийн зочноор “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих холбоо”-ны тэргүүн Ш.Ариунаа оролцлоо. 


Та хүний эрхийг хамгаалах чиглэлээр яагаад ажиллах болсон бэ? Тэр дундаа яагаад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажиллах болсон бэ? 

Эмэгтэйчүүдийн төлөө, олон нийтийн байгууллагад ажиллаад 20-иод жил болж байна. Өөрийн минь туулж яваа амьдралтай холбоотой болов уу. Ээж, охин дүүтэйгээ гурвуулаа өссөн, бага наснаасаа л ээжийнхээ түшиг нь гэх үү дээ. Зарим хүүхдүүд “аавгүй” гэж шоолох, өмгөөлөх хамгаалах хүнгүй гэж дээрэлхэх хүн таардаг л байсан, тэр бүрд хирэндээ л хариуг нь өгдөг. Аавгүй өссөн нь миний буруу биш шүү дээ, энэ байдал яваандаа ядарсан нэгнийг дээрэлхэж байгаа нэгэнд дургүй хүрч, шударга ёс, ижил тэнцүү байдлыг хүсдэг болсон шиг байгаан. Сэтгүүлчийн мэргэжлээр төгсчихөөд хувь зохиолоор гэх үү Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо гэх том айлын эрхлэн гаргадаг Монголжингоо сонинд эх бэлтгэгчээр анх ажилд орж б айлаа, яваандаа Гүйцэтгэх захирал хүртэл нь нилээд олон жил энэ байгууллагад ажилласан. Том байгууллагад ажиллаж их юм сурсан, гэхдээ бас яг хүнд хүрсэн зүйл хиймээр санагдах үе байна, ингээд л Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо-г байгуулан ажиллаад 5 жил болж байна. Хүчирхийлэл адарамт, өөртөө итгэлгүй байдал энэ бүхэн эцэстээ санхүүгийн бие даасан байдлаас хамааралтай шүү дээ. Харин “хүнй эрхийн төлөө” ажиллаж байна гэдгээ сүүлийн жилүүдээс л ойлгоод байгаа, хэ хэ.

Хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллахад гол түлхэц өгсөн зүйл эсвэл юу таны урам зоригийг өдөөсөн бэ? Анх төрсөн тэр сэдэл одоогийнхоосоо өөрчлөгдсөн үү? 

Охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө ажиллах нь хэзээнээс л миний сонирхол байсан, ер нь өөрчлөгдөхгүй болов уу. Түлхэц өгсөн зүйл бол яриандаа анх дурьдсан, амьдрал минь тэр чигтээ эмэгтэйчүүдийг өмгөөлөх тэмцэл дунд өрнөж байгаа. Би ээжээсээ урам зориг авдаг. Үргэлж намайг дэмждэг, чадна гэж урамшуулдаг, надад итгэдэг. Өрх толгойлсон эмэгтэй социализмийн нийгэмд ч, зах зээлийн нийгэмд ч амаргүй, гэхдээ зүдэрч явахад гишгэдэг нэгэн байхад гар сунган тусалдаг хүн олон. Бусдын төлөө халуун сэтгэлтэй хүмүүсийн ачаар өдий зэрэгтэй яваа учраас бас бусдад аль болох туслачих юмсан гэж бодож явдаг.

Та байгууллагынхаа талаар мөн үйл ажиллагаа, зорилтын талаар товч танилцуулна уу? 

Манай байгууллагын нэр нь өөрөө зорилго нь байгаа биз, хэ хэ. Бид хөдөлмөр хийж байгаа нэгнийг, тэр дундаа эмэгтэйчүүдийг дэмжих үндсэн зорилготой. Үүний тулд олон нийтэд ойлгуулах, шийдвэр гаргагч нарт нөлөөлөх, охид эмэгтэйчүүдийн өөрсдийг нь чадавхижуулах чиглэлээр бодлогын нөлөөллийн болон олон нийтийн үйл ажиллагаа, сургалт, судалгаа явуулж байна. Энэ хэдэн жилд Хөдөлмөрийн тухай хууль, гэр бүлийн тухай хуулийн шинэчлэлд анхаарч ажиллаж байна.

Танай байгууллага “UPR” буюу Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн тайлан бэлтгэхтэй холбоотой ямар ямар үйл ажиллагаа зохион байгуулсан бэ? Мөн өмнөх циклд илгээсэн тайлангийн зөвлөмж хэр биелэгдсэн байна вэ? 

Байгуулагдсан жилдээ ЮПР-ын тайлан илтгэлд оролцож, ялгаварлан галуурхалтын асуудлаар мэдээлэл бэлтгэж байв. Үүнээс хойш 2-р циклийн зөвлөмжүүдийн хэрэгжилтэд хяналт тавих, Засгийн газрын төлөвлөгөөнд тусгах, яаралтай арга хэмжээ, акц зохион байгуулахад идэвхтэй ажиллаж ирлээ. Хүний Эрхийн Форум нь санхүү мөнгөний дэмжлэггүй, зөвхөн хуралддаг мэт харагддаг  ч бусад нөхдөөсөө маш их суралцдаг. Бид охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хариуцан ажилладаг байсан бол одоо Бүлгийн эрхийн хэрэгжилт дээр багаараа ажиллаж байна. Өмнөх циклийн зөвлөмж хэрэгжилт дунд зэрэг гэж бид дүгнэсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан хэрнээ хэрэгжилт хангалтгүй, санхүү төсөв төлөвлөөгүйгээс орон нутагт, бодит амьдрал дээр эр нөхрийнхөө гарт зодуур амсаж, үр хүүхдээ ч хүнд байдалд оруулж, төрийн хамгаалалт авч чадахгүй л байна. Гэхдээ бид өөрсөддөө бас дүгнэлт хийсэн, юу вэ гэвэл бид хүний эрхийн төлөв байдлын тайлангаа НҮБ-д илгээхдээ товч, тодорхой асуудал тусгахгүй бол тэндээс хэт мөлгөр, ажил хэрэгч бус зөвлөмж ирж байна хэмээн дүгнээд байна. 


Энэ жил ямар асуудлыг тайландаа голчлон тусгаж байна вэ?

Энэ жил охид, эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байгааг, эдийн засгийн оролцоо-хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, улс төрийн оролцоо сул, төрийн бодлого байхгүй зэргийг онцолсон. Мөн хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг шаардаж, ахмад настангууд гэр бүлийн тэр дундаа бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэлд өргөнөөр өртөх болсныг тэмдэглэсэн. Мөн энэ жилээс Хүний Эрхийн Форум нь НҮБ-д явуулах гэж буй илтгэлдээ орон нутгийн иргэдийн саналыг тусгах зорилгоор үндэсний хэлэлцүүлэг хийж байгаа. Энэ ажлыг бид Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр зохион байгуулж, хэд хэдэн аймгаар явлаа. Сэтгэл өвтгөж буй зүйл гэвэл  бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээдэг, төрийн байгууллагын ажилтнуудын цаг наргүй ажил гэх мэт асуудлууд эцэстээ хүчирхийллийн суурь нөхцөл болж байна. Хөдөлмөрлөх эрхийг ярих ч хэрэггүй, сумын цагдаа л гэхэд 24 цагаар хүнд нөхцөлд ажиллаж байна. Цагдаагийн гэр бүлийнхэн нь ч мөн адил хүнд нөхцөлд амьдарч байна.

Өнгөрсөн хугацаанд юу таны урам зоригийг хамгийн их хөглөсөн бэ? 

Сайн санадаггүй ээ. Ер нь иргэний нийгмийн салбарт ажилладаг бид чинь хүмүүст загнуулж явдаг болохоос урам авах нь ховорхон юм уу даа. Харин НҮБ-ын тайлан мэдээнд, Засгийн газрын Ажлын хөтөлбөрт, зарим нэг бодлогын баримт бичигт манай санал туссан байвал ихэд урам авдаг. Хамгийн сүүлийнх гэвэл Монгол улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж, тунхаг гаргахдаа “...эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” гэж оруулсан байна лээ, үнэхээр баярласан. Учир нь бид ЖДҮ-ийн асуудлаар өнгөрсөн 10 сард Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзахдаа “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт” сэдвээр товч илтгэл тавьсан, асуудал хөндсөн, үүний үр дүн болов уу.

Тэгвэл хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллахад юу хамгийн их хүндрэл бэрхшээлтэй байдаг вэ? Тэдгээрийг та хэрхэн даван туулдаг вэ? 

Өөрсдийнх нь төлөө “хэлж” байхад ойлгодоггүй, улс төржүүлэх гээд байдаг. Зөв ярьж, зөв үедээ дуугарна гэдэг чухал. Цагаан давааны хогийн цэг дээр ажиллах үед анх очиход согтуу эрчүүд труба бариад бидэн рүү дайрч билээ. Машинаасаа бууж, хогийн цэгийн төвд байрлах тэдний “оффис”-т ороод, ахладаг болов уу гэмээр том биетэй эрэгтэйтэй уулзаад, учир начираа тайлбарласны эцэст бид “найзууд” болох жишээтэй. Ажил хийж явахад үг хэлээр доромжлуулах, ажил төрлийг хахин хавчих юм юм болно оо. Гэхдээ үнэний төлөө, хуулийн дагуу явахад юуг ч даван туулж болно гэдэгт итгэдэг.


Хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж буй эсвэл ажиллахыг эрмэлзэж буй бусад хүмүүст та юу хэлэхийг хүсч байна вэ? 

Хүний төлөө гэсэн сэтгэл, зүрхтэй бол энэ төрлийн ажил хийхэд аяндаа танд сайхан байх болно. Хүнийг гадна төрхөөр бус, дотоод мөн чанарыг нь олж харсны дараа дүгнэж байгаарай. Хичнээн олон байр машинтай, баян тансаг байлаа гээд чин сэтгэлээсээ инээж чаддаггүй нэгэн байхад умгар гэртээ бор цайтай хэдий ч өнөр өтгөн, инээд баясал дүүрэн жаргаж амьдрах хүмүүсийн ялгаа бол эцэстээ шударга ариун хөдөлмөрөөр амьдарсан уу эсэхт л байдаг гэж боддог. Шударга үнэний төлөө ажиллах нь өөрөө бөөн аз жаргал юм шүү дээ.

Баярлалаа. 

Ярилцсан Н.Зулзаяа 


Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм