Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  Нэн тэргүүнд Монгол улс ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх үндэсний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох хэрэгтэй

Ш.Саранхөхөө: Нэн тэргүүнд Монгол улс ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх үндэсний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох хэрэгтэй

ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх зорилго бүхий Үндэсний сайн дурын илтгэл (ҮСДИ)-ийг танилцуулах НҮБ-ын Улс төрийн дээд хэмжээний чуулган өнгөрсөн долдугаар сард Нью-Йорк хотноо болсон. МУ-ын засгийн газар боловсруулсан илтгэлээ танилцуулахын зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагууд ч мөн өөрсдийн бэлтгэсэн тайлангийн дүгнэлтэд суурилсан байр сууриа энэхүү чуулганы үеэр танилцуулсан юм. Монголын иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж Хүний эрх хөгжил төвийн хөтөлбөрийн менежер Ш.Саранхөхөө оролцсон юм. 

Юуны өмнө том ажлын ард гарч, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болж тэдний хэлэх гэсэн үгийг олон улсын индэрт танилцуулсанд талархал илэрхийлье. Илтгэл танилцуулахад юу хамгийн их хүндрэл бэрхшээлтэй байсан бэ? 

Анх оролцохоор явахдаа илтгэл танилцуулна гэсэн төсөөлөлгүй, бэлтгэлгүй очсон. Мөн Монголоос хэд хэдэн хүмүүс оролцоно гэж мэдэж байсан болохоор яг өөрийгөө илтгэл танилцуулах үүрэгтэйгээр оролцоно гэж бодоогүй. Бас процессын талаарх ойлголтгүй байсан. Очсоны дараа бусад найзууд, хамтран ажилладаг байгууллагынхаа хүмүүсээс мэдээлэл сонсоод бэлдэж эхэлсэн. Хамгийн их хэцүү санагдаж байсан зүйл нь хоёр минутад багтааж өөрсдийнхөө байр суурийг танилцуулах ёстой байсан учраас илтгэлээ 280 орчим үгт багтаах хэрэгтэй болсон. Мөн би мэргэжлийн англи хэлгүй учраас анх өөртөө итгэлгүй байсан ч Г.Уранцоож эгчээс дэмжлэг ирсэн.


ТХЗ түүний хэрэгжилтийг үнэлэх тайлан гэдэг утгаараа өнөөдөр тулгарч буй бүхий л асуудлуудыг энэхүү тайланд багтаасан маш том агуулга бүхий баримт бичиг үүнд багтаж байгаа. Үүнийг хураангуйлан танилцуулна гэдэг мэдээж амаргүй байсан байх. Илгэлийг хэрхэн хураангуйлж танилцуулах илтгэлээ бэлдсэн бэ? 

Өмнө хэлсэнчлэн илтгэлээ хоёр минутад багтаах ёстой учраас ИНБ-ууд хамтран ТХЗ-ын хэрэгжилтээр бичсэн тайлангийн дүгнэлт дээр суурилж хураангуйлсан. Тайлан бүхэлдээ 210 хуудас болсон байсныг ХЭХТ-ийн тэргүүн Г.Уранцоож, Сэтгэлзүйн Мэдрэмж ТББ-ын Б.Цэрэнханд эгч нар хураангуйлж 85 хуудастай болгосон ба тэр тайлангийн ерөнхий дүгнэлтийг 5 хүрээнд багцалж тодорхойлсон байсан. Түүн дээр Урнаа эгчтэй ярилцаж байгаад 3 хэсэгт багтааж, нэгтгээд илтгэлээ бэлдсэн. Хоёр минутаас хэтрээд байсан учраас утга санааг нь алдагдуулахгүйгээр товчлох, оновчтой үгийг сонгох зэрэгт Филиппин, Малайз найзуудын туслалцааг авсан. 

Манай улс ҮСДИ-ийг анх удаа бэлтгэн танилцуулж байгаа. Цаашид юуг илүү анхаарах хэрэгтэй юм байна гэж бодогдсон бэ? 

ИНБ-ын тайлангийн дүгнэлт дээр гарсан дүгнэлтүүдийг анхаарч үзэх хэрэгтэй байх. Нэн тэргүүнд Монгол улс ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх үндэсний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох хэрэгтэй. Дэд ажлын хэсгүүд байгуулагдаж, зарим ажлын хэсгүүдэд нь ТХЗ ба ИНБ сүлжээний гишүүдээс орсон байгаа ч яг одоогоор тодорхой хийгдсэн ажлуудын талаарх мэдээлэл бидэнд ирээгүй байгаа. Хоёрдугаарт ТХЗ-ын хэрэгжилтийг хангах тал дээр яам агентлаг, салбар хоорондын уялдааг хангаж ажиллах шаардлагатай. ХЭХТ болон МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ хамтран орон нутаг дахь ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх төслийг 2018-2019 онд хэрэгжүүлж, тайлан боловсруулсан. Энэ үеэр орон нутагт ТХЗ-ын талаарх ойлголт орон нутгийн удирдлага, ИНБ-ууд, иргэдийн аль алинд нь байхгүй байсан. Тэгэхээр орон нутгийн бодлого хөтөлбөрт туссан эсэх нь эргэлзээтэй болчихож байгаа юм. ТХЗ-ыг үндэсний хэмжээнд гэдэгт орон нутаг ч орж байгаа учраас Засгийн газраас бодлого, аргазүйгээр дэмжиж орон нутаг дахь ТХЗ-ын хэрэгжилтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Хамгийн сүүлд ТХЗ-ын хэрэгжилтэд бүх талуудын оролцоо чухал.


Монголын ИНБ-ууд өөрсдөө сайн дураар эвлэлдэн нэгдэж, сүлжээ байгуулан ТХЗ-ын хэрэгжилтээр тайлан бэлтгэж, холбогдох газруудад танилцуулсан. Үүн дээр Засгийн газрын санаачилга, ИНБ-ын оролцоог баталгаажуулсан ИН-ийн хамтын ажиллагааны механизмыг бий болгож ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Бас нэг хүлээлтэд байгаагүй зүйл нь ИН-ийн байр суурийг танилцуулсны дараа МУ-ын ЗГ-ийг төлөөлж ҮСДИ-ийг танилцуулсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирж гар барьж мэндчилсэн явдал байсан. Залуу хүмүүс оролцож, энэ талаар ажиллаж байгаагаар бахархаж байна гэж хэлсэн. Бид үүнийг ИН-ийн оролцоог баталгаажуулсан механизм бий болгохын эхлэл байх гэж харж байгаа. 

Бусад улс орны илтгэлийг сонсож байхад голчлон ямар асуудалд анхаарал хандуулж байсан бэ? 

Харилцан адилгүй л дээ. Гэхдээ асуудал нь ерөнхийдөө ижил учраас ИН-ийн байр суурийн хувьд ойролцоо. Харин Засгийн газруудын тайлангаар бол улсынх нь хөгжил тэнгэрт тулсан юм шигээр танилцуулж байсан. Араас нь ИН-ийн байгууллагуудын илтгэл явахаар тэгээд бодит байдал танилцуулагдана л даа. Жишээлбэл: Филиппины Засгийн газар хүний эрхийн асуудал бол баруунаас орж ирсэн ойлголт, манайх бол хүний эрхийг хангаж ирсэн, энэ тал дээр асуудалгүй гэсэн утгатай зүйлийг илтгэлийнхээ үеэр хэлсэн юм. Гэтэл яг үнэндээ бол Филиппинд хүний эрхийн хамгаалагч эмэгтэйчүүд маш олноороо баривчлагдаж, зарим нь алга болж байгааг бид бүгд мэдэж байсан учраас энэ хэсэгт бүгд л инээх, гайхах зэрэгцэж байсан. 

Засгийн газрын илтгэл болон ИНБ-уудын бэлтгэсэн бэлтгэсэн зэрэгцээ илтгэлийн ялгаа болон ижил төстэй зүйлүүд юу байсан бэ? 

Засгийн газарт талархууштай нэг зүйл нь Үндэсний Сайн дурын илтгэлийг бэлтгэх үйл явцад ИНБ-уудын оролцоог сайн хангаж ажилласан явдал юм. Түүнчлэн ҮСДИ бэлтгэх үеэр тохирсны дагуу Засгийн газрын илтгэл болон ИНБ-уудын бэлтгэсэн зэрэгцээ илтгэл дээр агаарын бохирдлыг тусад нь нэг бүлэг болгож авч үзсэнээрээ ижил төстэй гэж хэлж болох байх. Түүнчлэн хоёр тайлан 2-уулаа ТХЗ-ын зорилт тус бүрээр нь одоогийн нөхцөл байдлыг бичсэн нь нэг талаасаа ижил төстэй, гэхдээ нөгөө талаас ИНБ-уудын хувьд өөр өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд, хийж байсан үйл ажиллагаануудтай холбогдуулан мэдээллээ бэлтгэсэн учраас тэр хүрээгээрээ ЗГ-ийн илтгэлээс ялгаатай. 

НҮБ-ын Улс төрийн дээд хэмжээний чуулга уулзалт хэмээх энэхүү өндөр ач холбогдол бүхий чуулганд оролцсоноор та өөрийнхөө хувьд юуг хамгийн их ойлгож, сурч, урам зориг авсан бэ? 

Манай байгууллагын хувьд ТХЗ-ын зорилгын орон нутаг дахь хэрэгжилтийг үнэлэх төслийг МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээтэй хамтран Ази Номхон далайн Эмэгтэйчүүд, Хууль ба Хөгжлийн Форумын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байсныхаа хүрээнд мөн тэдний дэмжлэгтэйгээр энэ хуралд оролцсон. Энэ байгууллагаас аргазүйн дэмжлэг мэдээллээр хангаж байсан нь маш их дэмжлэг болсон. Түүнчлэн олон улсын ИНБ-ууд өөрсдийн зохион байгуулалтын механизмтай нь НҮБ-ийн эдийн засаг, нийгмийн хэлтэст хүлээн зөвшөөрөгдөж баталгаажсан. Тэгэхээр ИНБ-ууд өөр өөрсдийн ажилладаг зорилтот бүлгүүдээрээ хуваагдах үед манайх Эмэгтэйчүүдийн бүлэгт багтаж оролцсон юм. Энэ үеэр эмэгтэйчүүдийн бүлгийнхэн өдөр бүр ямар байр суурь илэрхийлэх, ямар мессэжийг олон нийтэд түгээх вэ гэх мэт асуудлаар өглөө болон оройд нь цуглаж ярилцаж, бэлтгэдэг байсан. Мөн тухайн мессэжээ илэрхийлэх өнгийн хувцсаар ижилсдэг байсан. Миний хувьд цахим сүлжээний талаар ойлголтой, энэ талаар сонирхдог учраас хэвлэл мэдээллийн нөлөөллийн багт ажиллаж, твиттэрт жиргэх, постерууд бэлтгэх үүргийг гүйцэтгэсэн. Мөн эмэгтэйчүүдийн бүлгээ төлөөлж Олон улсын Тогтвортой Хөгжлийн Илтгэлийн хэсэгт байр сууриа илэрхийлэх зэргээр оролцсон. Энэ бүх механизмд гар бие оролцож, хувь нэмрээ оруулах боломжтой байсан. Түүнчлэн бүх процесс нь шинэ хүмүүст ч ойлгомжтой ил тод байсан нь маш их таалагдсан. Гар бие оролцсон, халуун процесс дунд байсан учраас маш их зүйл сурсан. Мөн 2019 оны 7 сарын 14-нд Нью Иоркийн Таймс Скүээрийн ойролцоо ОУ-ын Иргэний нийгмийн форумыг Ази Номхон далайн Эмэгтэйчүүд, Хууль ба Хөгжлийн Форумын санаачлага, Нью Иорк дахь Иргэний хөдөлгөөнүүд хамтран зохион байгуулсан юм. Форумын дараа бид Таймс Скүэрээс НҮБ-ийн байр хүртэл жагсаал зохион байгуулсан нь маш их урам зориг өгсөн. 


Учир нь бид энэ жагсаалын үеэр ашиглах мессэжүүд бүхийн постеруудаа өмнөх орой өөрсдийн гараар зурж, будаж бэлтгэсэн ба тэгш бус байдал, цаг уурын өөрчлөлтийн эсрэг болон өндөр хөгжилтэй орнуудын ядуу буурай орнуудыг мөлжиж буй байдлаа зогсоо, цагаач нарын эрхийг хамгаал гэх зэргээр байр сууриа илэрхийлж, дуу хүртэл дуулж явсан нь надад маш их мэдрэмж төрүүлсэн. 

Нөгөөтэйгүүр, НҮБ-ийн дотор улс орнуудын асуудлыг хэлэлцэж байхтай зэрэгцээд тэдгээр шийдвэр, асуудлуудтай нь нүүр тулж, хохирч байдаг иргэдийн аж байдал, нөхцөл улам бүр дордсоор байгаа нь сэтгэл өвтгөж байсан ч “Long live internation solidarity” буюу бидний нэгдэл, эв санааны хамтын ажиллагаа энэ бүхний эсрэг баттай, тууштай зогсох суурь нь болж байгааг олж хараад өөрсдөөрөө бахархсан. Тэнд аль улс, ямар байгууллага гэдэг нь бус “хүн” гэдэг нэрийн дор бүх асуудлуудыг хөндөж, байр сууриа илэрхийлж, нэгдсэн шаардлага тавьсан нь биднийг улам хүчирхэгжүүлсэн байх. Энэ бүхнээс л хамгийн их урам зориг авсан. 

Баярлалаа. 

Ярилцсан Н.Зулзаяа 


Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм