Өнгөрсөн даваа гаригт буюу 2019 оны 4 сарын 15-ны өдөр Монгол улсын Тогтвортой хөгжлийн зорилтын (ТХЗ) хэрэгжилтийг үнэлэх зорилго бүхий Үндэсний сайн дурын илтгэлийн (ҮСДИ) төслийгтанилцуулах хэлэлцүүлэг болсон. Үндэсний сайн дурын илтгэлийн төслийг бэлтгэн НҮБ-ийн Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр танилцуулах юм. Энэ уулзалт ирэх 7 дугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдах юм. Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг үнэлэх зорилго бүхий энэхүү илтгэлийн төслийг бэлтгэх ажлын хэсэгт Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс “Хүний эрх-хөгжил” төвийн тэргүүн Г.Уранцоож ажиллаж байгаа юм. Тиймээс илтгэл бэлтгэх ажлын үйл явцтай холбоотой мэдээллийг асууж тодрууллаа.
Үндэсний сайн дурын илтгэл гэж юу болох талаар олон нийтийн ойлголт, мэдээлэл дутмаг байна. Энэ талаар та тайлбарлаж өгнө үү.
НҮБ-ийн гишүүн орнууд 2016 оноос Тогтвортой хөгжлийн 17 зорилго 169 зорилтыг биелүүлэхээр гарын үсэг зурсан. Манай улс мөн ТХЗ-ыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх амлалт өгсөн. ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх арга механизм нь Үндэсний сайн дурын илтгэл юм. Улс орнууд энэхүү тайлан илтгэлийг 2030 он хүртэл наад зах нь 2 удаа бэлтгэж танилцуулах ёстой. Гэхдээ зарим улсууд эдүгээ хоёр дахь удаагаа илтгэж байгаа нь тэдний хир зэрэг идэвхитэй байгааг харуулна. Манай улс эхний илтгэлээ бэлтгэж байна. Энэхүү механизмийн тусламжтайгаар Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орон бүр юун дээр анхаарч, төвлөрч ажиллах ёстой вэ гэдгээ харж, дүгнэх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил гаргах үе шат гэж ойлгох хэрэгтэй.
ҮСДИ бэлтгэх ажлыг Үндэсний Хөгжлийн газар ахлан, хариуцан ажиллаж байна. Мөн үүнтэй зэрэгцээ илтгэлийг ТББ-ууд бичиж байгаа. ТББ-ууд зэрэгцээ илтгэл бичсэнээр ямар ач холбогдолтой вэ?
Нэгдүгээрт энэ илтгэл өөрөө Үндэсний сайн дурын илтгэл гэсэн нэртэй. Тиймээс үндэсний гэж нэрлэж байгаагийн цаад утга нь бүх талын оролцоог хангах ёстой гэсэн үг. Тиймээс энэ нь зөвхөн Засгийн газрын илтгэл байх ёстой гэсэн үг биш. Гэхдээ мэдээж энэ илтгэлийг бичих үйл явцыг Засгийн газар зохион байгуулна. Иргэний нийгмийн байгууллагууд яагаад зэрэгцэн илтгэл бичиж байна вэ, гэхээр Үндэсний илтгэл гэдэг агуулгыг л бодит болгох гэж, мөн засгийн газрын бэлтгэж буй илтгэлд хувь нэмэр оруулах гэж, өөрсдийн ажиллаж буй асуудлаар холбогдох салбар бүрийнхээ хөгжилд ахиц гаргах боломж гэж харж байгаа юм. Энэ бол иргэний нийгмийн байгууллагууд засгийн газартай хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлж буй хэлбэр. Мөн засгийн газар ИНБ-уудын хувь нэмрийг хүлээн зөвшөөрч буй хамтын ажиллагаа гэж ойлгож болно. Ер нь бол хөгжлийн төлөө хүн бүрийн л оролцоо шаардлагатай. Хөгжил бол зөвхөн засгийн газрын ажил биш. Энэ ажилд хувийн хэвшил ч оролцох ёстой. Мөн мэргэжлийн судлаачдыг оролцуулах гэх мэт олон талын оролцоог хангаж байж ТХЗ хэрэгжинэ. Бүх талын оролцоог хангаж чадахгүй бол ТХЗ-ууд угаасаа хэрэгжихгүй. Энэ тухай ТХЗ 17-д тодорхой заачихсан байгаа.
Өнгөрсөн даваа гаригт буюу 2019 оны 4 сарын 15-ны өдөр Монгол улсын Тогтвортой хөгжлийн зорилтын (ТХЗ) хэрэгжилтийг үнэлэх зорилго бүхий Үндэсний сайн дурын илтгэлийн (ҮСДИ) төслийгтанилцуулах хэлэлцүүлэг болсон. Үндэсний сайн дурын илтгэлийн төслийг бэлтгэн НҮБ-ийн Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр танилцуулах юм. Энэ уулзалт ирэх 7 дугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдах юм.
ҮСДИ-ийн агуулгыг тодорхойлох үндэсний хэлэлцүүлгийг өмнө нь зохион байгуулсан юм. Энэ хэлэлцүүлэгт ИНБ-ын төлөөлөл оролцсон. Үүнд ИНБ-ын илтгэл бичиж байгаа “ТХЗ ба ИНБ” сүлжээний 10 гаруй гишүүн байгуулагуудын төлөөлөл багтана. Тиймээс илтгэлийн агуулгыг тодорхойлоход ИНБ болон бусад талуудын оролцоо хангагдсан гэж үзэж байгаа. Мэдээж бүх тулгамдаж буй асуудлуудыг энэ илтгэлд багтаах боломж байхгүй. Мөн манай улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилго, зорилт бүрээр хүрэх түвшин, үнэлэх шалгуур үзүүлэлтийг бүрэн тодорхойлоогүй байгаа тул яг одоогийн түвшин ямар байна вэ гэдэг суурь үнэлгээ одоо болтол хийгдээгүй байгаа. Тиймээс эхний ээлжинд одоо бэлэн болчихсон байгаа илтгэлийн агуулга хангалттай болсон гэж үзэж байна.
Засгийн газраас бэлтгэж буй илтгэлийн төсөл хэр бодитой болсон гэж бодож байна вэ?
Илтгэлийн явцын ажлууд маш сайн хийгдсэн. Олон талын оролцоог хангах гэж хичээж ажиллаж байгаа, янз бүрийн бүлгүүдтэй хэлэлцүүлгүүд хийсэн гэх мэт. Мөн илтгэлийн хүрээг тодорхойлох явцыг ч бас маш сайн хэлэлцэж танилцуулсан. Гол тулгамдаад буй асуудлууд, үүнд бодлого, зохицуулалт, төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилт, үнэлгээтэй холбоотой асуудлуудаа маш бодитой гаргаж тавьсан. ИНБ-ын бэлттгэж буй илтгэлийн байр суурь, дүгнэлт, зөвлөмж одоогоор хангалттай хэмжээнд Үндэсний сайн дурын илтгэлд тусгагдсан гэж үзэж байна. Гэхдээ ҮСДИ-ийн эцсийн хувилбарыг харьцуулж үзнэ. Цаашид бас ТХЗ-ын хүрээнд ИНБ-уудтай засгийн газар энэ мэтчилэн хамтарч ажиллаасай, илтгэл танилцуулаад зогсчихгүй байгаасай гэж найдаж байгаа.
ҮСДИ-ийг бичиж дуусгах эцсийн хугацаа хэзээ вэ?
Илтгэлийн “key message” буюу гол үзэл санааг бэлэн болгож 5 сарын 15 гэхэд НҮБ-д илгээх ёстой. Харин илтгэлийг 6 сарын дундуур орчуулж, эцсийн байдлаар бэлэн болгон илгээнэ.
Бид Тогтвортой Хөгжлийн зорилт-2030 гэж ярьж байгаа боловч иргэд олон нийт, тэр байтугай олон нийтийг мэдээллээр хангах ёстой төрийн алба, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд ч энэ талаар сайн ойлголт мэдээлэлгүй байна. Гэтэл бодлогын баримт бичиг гэдэг нь зөвхөн төрд хамаатай ойлголт биш шүү дээ.
Хөгжил гэдэг бол тодорхой зорилго, зорилт, төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлдэг гэдгийг бид нийтээрээ ойлгох ёстой. Маш энгийнээр Тогтвортой хөгжлийн зорилго-2030 гэдэг бол маргааш, нэг жилийн дараа эсвэл 5,10 жилийн дараа, 2030 он хүртэл таны амьдрал ямар болсон байх вэ гэдэг гэдэг асуудал юм. Ядуурал, эрүүл мэндийн үйлчилгээ, хоол хүнсний аюулгүй байдал, боловсрол, тэгш бус байдал, ундны ус гэх мэт хүн бүрийн өдөр тутмын амьдралтай холбоотой асуудлуудыг шийдэх, түүний гарц гаргалгааг олж сайжруулах, түүнд хүрэх зорилгууд юм. Хэдийгээр энэ нь бодлогын том баримт бичиг гэж байгаа боловч үүн дотор байгаа бүхэн хүн бүрийн амьдралтай шууд хамаатай. Өнөөдрийг хүртэл бид хөгжил гэдэг нь эдийн засаг эсвэл уул уурхайтай холбоотой ойлголт мэтээр бодож байсан. Гэтэл үгүй юм аа гэдэг нь одоо бидэнд мэдэгдэж байна. Байгаль орчин сүйдсэн тэр их хохирлыг бид нөхөн сэргээх боломжтой юу? Бид байтугай бидний дараагийн үе ч нөхөн сэргээхэд хэцүү болчихоод байна. Хичнээн олон уул уурхай байгаад ч хөгжил бүрэн утгаараа бий болсон уу гэвэл үгүй. Тиймээс бүх салбар, хүрээг өргөн утгаар нь хамруулж, нийтээрээ хөгжих нэгдмэл бодлого хэрэгтэй байна гэсэн санаа юм. Өдий болтол бид эдийн засгийн өсөлт гээд явсан. Гэтэл нийгмийн, байгаль орчны асуудлуудаа орхигдуулчихсан байна. Энэ асуудал зөвхөн манай улсад гэлтгүй бүх хөгжиж буй орнуудад зовлон болчихоод байна. Тиймээс л энэ ТХЗ гэдэг зүйлийг бий болгоод хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм.
Иймд хүн бүр ач холбогдлыг нь ойлгож, анхаарч, сэтгэл зүрхээ зориулж ажиллах шаардлагатай. Ялангуяа хэвлэл мэдээллийн ажилтнууд онцгой үүрэгтэй ажиллах ёстой. Мөн үүнээс гадна ТХЗ, зорилтуудыг Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд бүрэн утгаар нь оруулах ёстой. Гэвч одоо болтол үүнийг хийгээгүй л байна. 2030 он гэхэд ТХЗ-ыг биелүүлэхийн тулд бид юу хийх вэ, хаана хүрэх вэ гэсэн бодлого, түүнийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө, нийгэм, байгаль орчин, эдийн засаг гэсэн гурван тулгуурын хүрээнд салбаруудын бодлогын зөрчлийг арилгах, уялдаа, нэгдмэл байдлыг хангах эрх зүйн зохицуулалт, механизмыг одоо болтол хийгээгүй л байна.
Ядахдаа тав таван жилийн төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Маш олон бодлогын баримт бичгүүд байдаг. Төлөвлөгөөгүйгээс болоод тэдгээр нь хоорондоо зөрчилддөг. Ийм байхад Монгол улс цаашид хөгжихгүй. Тиймээс үүнийг иргэд олон нийт мэдэж ойлгож, шаардах хэрэгтэй. Ялангуяа сэтгүүлчид энэ талаар судалж, мэдээлэл бэлтгэхдээ Засгийн газрын бодлогын баримт бичгүүд нь хоорондоо нийцэж байна уу, үгүй юу гэдэгт анхаарал хандуулж, олон нийтийн анхаарлыг үүнд чиглүүлж, тэргүүлэх үүргийг гүйцэтгэх ёстой.
ТХЗ-2030-ийг хэрэгжүүлж буй бусад орнууд иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хэрхэн хамтарч ажилладаг бол?
Янз бүр байгаа. Зарим улсын засгийн газар иргэний нийгмийн байгууллагуудынхаа оролцоог маш сайн хангаж ажилладаг байхад зарим нь манайхаас ч муу байгаа. Саяхан Ази, Номхон далайн бүсийн орнуудын Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудын хэрэгжилтийг үнэлэх чуулга уулзалт болсон. Энэ чуулга уулзалт жил бүрийн 3 дугаар сард Бангкок хотноо болдог. Тэр чуулганаас харахад манай улс бүсийнхээ хэмжээнд нэлээд гайгүй оролцоотой байгаа нь анзаарагдсан. Мэдээж хэрэг ардчилал, хүний эрхийг дээдэлдэг, иргэний нийгмийн байгууллагууд хүчтэй ажиллаж чаддаг, яг тодорхой үүргийг засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг, тэгсэн мөртлөө хараат бус байр сууриа хадгалж, үнэлгээ дүгнэлтээ гаргадаг, түүнийг нь засгийн газар нь хүлээж авдаг Европийн орнуудтай харьцуулшгүй. Тэдгээр орнуудад ИНБ-ууд нь үнэхээр сайн мэргэшсэн, чадварлаг ажилладаг. Тийм хэмжээнд л хүрч ажиллахыг манай ИНБ-ууд зорьж ажиллах ёстой. Одоогийн илтгэл бэлтгэх, ИНБ-уудын оролцоог хангах процессийн хувьд их сайн байгаа. Гэхдээ илтгэлийн эцсийн хувилбар ямар болох вэ гэдгийг бид хүлээж байгаа. Одоогийн байдлаар бол Засгийн Газар маш нээлттэй байгаа.
Ярилцсанд баярлалаа
Ярилцсан Н.Зулзаяа