Тусгай илтгэгч Мишель Форст Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалтай танилцаж, зөвлөмж гаргахаар ирсэн бөгөөд манайд ажилласан тухай тайлангаа 2020 оны гуравдугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43 дугаар чуулганд танилцуулах юм. Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн ТББ-ын форумын гишүүд тусгай илтгэгчтэй уулзаж Монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар бодит мэдээллийг танилцууллаа.
Уулзалтад Хүний эрх хамгаалагчдын ТББ-ын форумын 20 гишүүн байгууллагын төлөөллүүд оролцож, өөрсдийн ажиллаж буй салбар чиглэлүүдэд хүний эрхийн ямар ноцтой зөрчил байгааг танилцуулахаас гадна, хүний эрх хамгаалагчаар ажиллаж, олон нийтийн дуу хоолой болсныхоо төлөө хэрхэн дарамт шахалт, халдлагад өртсөн тухай бодит баримт, жишээг танилцуулсан юм. Мөн зарим ТББ-ын гишүүд уулзалтын үеэр тусгай илтгэгчтэй ганцаарчлан уулзах хүсэлтээ илэрхийлж байлаа.
Энэ уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж буй талаар, уул уурхайн үйл ажиллагаанаас болж байгаль орчин сүйдэж нутгийн иргэдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа талаар, бэлгийн цөөнхийн эрхийн асуудал, хүнсний аюулгүй байдлын асуудлын талаар гишүүд мэдээлэл хуваалцлаа.
НҮБ-ын Хүний эрх хамгаалагчдийн асуудал эрхэлсэн тусгай илтгэгч Мишел Форст хэлэхдээ: Европын холбооноос хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах удирдамж гэж батлуулсан. Энэ механизмыг Монгол улсад хэрэгжүүлэх сонирхолтой байна гэсэн хүсэлтийг Монгол Улсын Засгийн Газарт уламжилсан тухайгаа уулзалтын үеэр дурдсан юм.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчдын тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч дэмжээгүй бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хуулийн хүрээнд “хүний эрх хамгаалагчийн асуудлыг зохицуулж болно” хэмээн татгалзсан үндэслэлээ тайлбарласан юм. Үүний дагуу Хүний эрхийн Форумын гишүүн байгууллагууд нэгдэж, хуулийн төслийг дахин хэлэлцэж, батлах тухай уриалгыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнгөрсөн дөрөвдүгээр сард илгээсэн юм.
НҮБ-ын Тусгай илтгэгч Мишел Форст 5 сарын 10-ны өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзах үеэрээ хэлсэн үгэндээ: "Тусгай илтгэгчийн мандат нь аливаа улсыг буруутгах бус харин хүний эрх, хүний эрхийг хамгаалагч нарын нөхцөл байдлыг сайжруулахын төлөө тухайн улстай хамтран ажиллах, дэмжих зорилготой. Монгол Улсад ирэхийнхээ өмнө хүний эрхийг хамгаалагч нарын нөхцөл байдлыг илүү өөдрөг төсөөлөлтэй байсан. Харин энэ айлчлалын хугацаанд уулзсан хүмүүсийн яриа, ажиглалт, судалгааны үндсэн дээр нөхцөл байдал сайнгүй байна гэсэн урьдчилсан дүгнэлт хийлээ. Тиймээс Монгол Улс дахь ажлаа энэ удаагийн айлчлалаар дуусгах биш цаашдаа Монголын талтай үргэлжлүүлэн тогтвортой хамтран ажиллана. Хүний эрхийг хамгаалагчийн тухай бие даасан хууль нь хүний эрхийн төлөө ажиллаж байгаа хүмүүсийг хамгаалах маш чухал механизм" гэв. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээг www.montsame.mn холбоосоор орж уншина уу.