ХЭФ-ын ээлжит хурал 2019 оны 3 дугаар сарын 21-нд Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд боллоо. Энэ удаагийн хурлаар UPR-ийн тайлангийн явцын мэдээллийг бүлгийн ахлагч нар танилцуулснаас гадна хэд хэдэн чухал асуудал хэлэлцэж, шийдвэрлэв.
ХЭФ-ын гишүүдийн саналаар 8 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд Хөвсгөл далайн эргийн ойролцоо ээлжит хурлаа зохион байгуулахаар болов. Үүний гол зорилго форумын гишүүд хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль орчин хэрхэн сүйдэж байгааг тухайн газарт нь очиж харах, олон нийтийн анхаарлыг чиглүүлэх, хамтран гарц шийдэл эрж хайхад чиглэх юм. Ийм хурлыг анх 6 дугаар сарын 5-нд болох “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулахаар төлөвлөсөн ч аяллын зорилго, онцлогоос хамаарч 8 дугаар сард хийх нь зүйтэй гэж олонхийн саналаар шийдэв. Аяллын төлөвлөгөө, хөтөлбөр, зохион байгуулалын ажлыг томилогдсон ажлын хэсэг хариуцан ажиллахаар боллоо.
Мөн энэ өдөр Эмнести Интернэшнл төвийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа Хүний эрх хамгаалагчдын тухай хуулийн төсөл батлагдаагүй, буцаагдсаны дагуу Ерөнхий сайдад өргөх бичиг хүргүүлэх тухай мэдэгдлээ. Форумын гишүүд Хүний эрх хамгаалагчдын хууль зайлшгүй батлагдах шаардлагатай гэдгийг дэмжиж, өргөх бичигт гарын үсэг зурахаа илэрхийлэв.
Хурлын төгсгөлд “MHI” судалгааны байгууллагын гадаад харилцаа, олон нийт хариуцсан төлөөлөгч Ц.Энхжаргал Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөрт зориулан "Сүрьеэгүй Улаанбаатар" хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол улсад сүрьеэ өвчины нөхцөл байдал, хэрхэн урьдчилан сэргийлэх, бусад оронд энэ өвчинтэй тэмцсэн сайн туршлагаас танилцуулав. Мөн сүрьеэ өвчний судалгааны үр дүн, тоо баримтыг UPR-ийн тайланд оруулж бодитой мэдээлэл бэлтгэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
ХЭФ-ийн дараагийн хурал 2019 оны 4 дүгээр сарын 18-ны пүрэв гаригт 12:00 цагаас ННФ-ын хурлын танхимд болно. Дөрөвдүгээр сарын хурлыг “Булаг шанд мөрний эхийг хамгаалах сан” удирдана.