Монголын ИНБ-ын ТХЗ, хэрэгжилтэд оролцох хүсэл эрмэлзэл, хандлага
Монгол улс 2019 оны 7 дугаар сард болох НҮБ-ын Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх Үндэсний сайн дурын тайлан бэлтгэн танилцуулна. Үүнтэй холбогдуулан Глоб Интернэшнл төв “Төрийн мэдээллийн хүртээмж” олон талын зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 3 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Уулзалтын үеэр Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож Үндэсний сайн дурын тайлан бэлтгэх үйл явцад ИНБ-дын оролцооны талаар танилцууллаа.
Тогтвортой хөгжлийн төлөө ИНБ-ууд 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр анхны уулзалтаа зохион байгуулж уулзалтад оролцсон ИН-ийн 28 байгууллагын удирдах ажилтнууд ИНБ-ын түншлэлийг хөгжүүлж үр дүнтэй хамтын ажиллагааны механизм бүрдүүлж нэгдсэн зохион байгуулалттай ажиллах санаачилгыг дэвшүүлсэн юм. Мөн ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, Засгийн газар, холбогдох агентлагуудад зөвлөмж шаардлага хүргүүлэхээр санал нэгдсэн. Одоогоор ТХЗ-ийн төлөө 160 гаруй ИНБ, байгаль орчны 700 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Монголын иргэний нийгмийн байгууллагууд өөр өөрсдийн шугамаар олон улсын бүсийн болон дэлхийн ИНБ-дтай холбоотой ажилладаг. Иймээс ТХЗ батлагдахаас өмнө дэлхийн болон бүсийн хэмжээнд өрнөж байсан ТХЗ-ыг боловсруулах, тодорхойлох нөлөөллийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, мэдээлэлтэй байсан. Ийм ч учраас ТХЗ-ын хэрэгжилтэд иргэдийг мэдээлэлтэй оролцуулах, үр шимийг иргэн бүрт хүргэх үйлсэд хувь нэмэр оруулах хэрэгтэй гэсэн зорилго тавьсан юм.
ИНБ-ууд ТХЗ-ыг бодитой хэрэгжүүлэх, үр шимийг хүмүүст хүргэх зорилготой бодитой алхмууд хийж эхэлсэн.
1. Албан бусаар ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ХӨДӨЛГӨӨН (ТХТХ)–ийг байгуулж үүсгэн байгуулалт, үйл ажиллагааны МЕМОРАНДУМ-ын төсөл боловсруулж байна.
2. ИНБ-д өөрсдийн боломж бололцоо болон ЗГ-аас зохион байгуулж байгаа ажилд идэвхтэй оролцож, олон улсад ч байр сууриа илэрхийлж байна.
3. 2015 онд Монгол Улс НҮБ-ын ХЭЗ-ийн Монгол улсын хүний эрхийн төлөв байдлын тогтмол түгээмэл хэлэлцүүлгээр /UPR/ 2 дахь удаагаа орж 150 зөвлөмжийг хүлээн авсан. UPR-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг Тогтвортой хөгжлийн үндэсний бодлого (ТХҮБ) 2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй харьцуулж, мөн зөвлөмжийн хэрэгжилтийг ТХЗ, зорилтуудтай харьцуулан шинжилсэн. UPR-ын дунд хугацааны хэрэгжилтийн үнэлгээ хийхдээ ч мөн энэ шинжилгээг хийсэн.
4. Олон улс орны ҮСДТ хэлэлцүүлэх, түүнд ИНБ-ууд хэрхэн оролцож байгааг ажиглаж тэдний тайланг унших зэргээр мэдээлэл авч байна.
5. 2017 оны 8 дугаар сард зохион байгуулсан “ТХЗ –уудыг хэрэгжүүaэх ба ИНБ-ын үүрэг оролцоо” сургалтанд 50 гаруй байгууллага хамрагдсан. Сургалтын үеэр Үндэсний хөгжлийн газар мэдээлэл өгсөн.
6. 2015 оноос эхлэн Хүний эрхийн өдрийг Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг болсон. 2017 оны 12 дугаар сарын 10-нд олон улсын хүний эрхийн өдрөөр Сүхбаатарын талбайд хийсэн цуглаанаар UPR-ын зөвлөмжүүдийг ТХЗ-той холбон, түүнд хамаарах хүний эрхийн асуудлуудыг харуулж, хэрэв UPR-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй бол холбогдох ТХЗ, зорилтууд хэрэгжихгүй гэдгийг олон нийтэд ойлгуулах постер хэвлэж тараах, хэвлэлийн бага хурал хийх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулсан.
7. Мөн энэ цуглаанаас МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ЗГ-ын тэргүүнд ҮСДТ-г хэлэлцүүлэх санаачилга гарган ажиллахыг уриалсан.