Хүний эрхийн ТББ-уудын форум жил бүрийн 12 дугаар сарын 10-нд дэлхий даяар тэмдэглэдэг Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12.00-15.00 цагт Сүхбаатарын талбайд “ЭРХЭЭ ДАРХЛААЖУУЛЪЯ - ТА Ч ЭРХЭЭ ХАМГААЛ! - 2018” өдөрлөг зохион байгууллаа.
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан. Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж байна. 2018 оны энэ өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийг хамаалагчдын тунхаглалын 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.
Өдөрлөгийг
• Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүний эрх хамгаалагчийн тунхаглалын талаар иргэд, олон нийтэд таниулах,
• Хүний эрхийг хөхүүлэн дэмжих, хамййгаалах чиглэлээр өөрийн байгууллагынхаа хийж буй үйл ажиллагаа, алсын хараа, ажиллах явцад гарсан амжилт ололтоосоо хуваалцах, үүнийгээ бусдад таниулах, сурталчлах,
• АББ-уудын тухай хууль, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын талаарх хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, иргэний нийгэм, хүний эрх хамгаалагчдад ээлтэй, аюулгүй орчин бий болгоход дуу хоолойгоо өргөх,
• Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтууд, тухайн зорилгын хүрээнд тулгамдсан гол асуудлыг анхааруулах зорилгоор зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хүний эрхийн ТББ-уудын форумын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж Монгол Улс дахь хүний эрхийн зөрчлийг харуулсан фото зураг, зурагт хуудасны үзэсгэлэн гаргалаа.
Өдөрлөгийн гэрэл зургийг энд дарж , видеог энд дарж үзээрэй.