Хүний эрхийн ТББ-уудын форум (ХЭФ) нь өнгөрсөн оны 10-р сараас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (Universal Periodic Review – UPR)-ээс өгсөн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн тайланг боловсруулж эхлээд байна. Энэ хүрээнд баруун, зүүн, төв, говийн бүсийн 4 аймагт цуврал хэлэлцүүлгийг ХЗДХЯ, ГХЯ, ХЭҮК-той хамтран зохион байгуулах юм. Тус хэлэлцүүлэг нь хүний эрхийн хэрэгжилтийн асуудалд орон нутгийн төр, төрийн бус байгууллага, иргэдийн дуу хоолойг сонсох боломжийг олгож буйгаараа онцлогтой. Хэлэлцүүлгийг ННФ, UPR-Info олон улсын ТББ хамтран санхүүжүүлж, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Эхний хэлэлцүүлгийг Төв аймгийн Зуун мод хотод 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Төв аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын 40 гаруй төлөөлөл оролцож, тайланд туссан зөвлөмжийн хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байгаа талаар санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагын удирдах албан тушаалтны хүний эрх, жендэрийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх шаардлагатай байгааг онцолж байлаа. Мөн хар тамхины төрлийн ургамал ургаж байгаа газрыг албан ёсоор баталгаажуулж, устгал хийх, өсвөр үе, залуучуудад хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийг таниулахад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах, хүүхдийг хурдан морь унуулах, уурхайд ажиллуулах, сурагчийн амралтаар Өвөрмонгол руу мал маллуулах зэргээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлдэг асуудлыг нарийн шалгаж, таслан зогсоох зэрэг асуудалд санаа зовинож байгаагаа илэрхийллээ.
UPR буюу Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг нь НҮБ-ын гишүүн улс бүрийн хүний эрхийн төлөв байдлыг 4,5 жил тутам дүгнэн хэлэлцэж, сайжруулах, ахиц гаргах чиглэлээр зөвлөмжилдөг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн механизм юм. Монгол Улс 2011, 2015 онд хүний эрхийн төлөв байдлаа хэлэлцүүлсэн.