Нүүр хуудас  ›  Мэдээ
 
2022.12.14  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэг механизмаар 3 дахь удаа хэлэлцээд 170 зөвлөмж өглөө
2021.02.04  УИХ-д хүргүүлсэн шаардлагын бичигт хариу ирүүлэв
2021.01.26  УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
2021.01.26  МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардлаа
  “Хэнийг ч орхилгүй хөгжье!” олон нийтийн цуглаанд оролцогсдоос тавьсан шаардлага

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд,
Засгийн Газрын тэргүүн Ерөнхий сайд  У.Хүрэлсүх нарт хандаж
“Хэнийг ч орхилгүй хөгжье!”
олон нийтийн цуглаанд оролцогсдоос тавьсан шаардлага

Монгол Улс НҮБ-ын гишүүн орнуудын хамт Тогтвортой Хөгжлийн Зорилго (ТХЗ)-дыг 2015 оны 9 сард батлаж, 2030 он гэхэд ядуурал, өлсгөлөнг арилгаж, чанартай боловсрол, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ, зохистой хөдөлмөр, орон байр, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан байх үүрэг хүлээсэн.

Гэтэл 2016 оны 2-р сард баталсан МУ-ын Тогтвортой хөгжил (ТХ) -ийн Үзэл баримтлал 2030-ын явц хэтэрхий удааширч байгаа болон ТХ-ийн 17 зорилгыг хэрэгжүүлэх нийт 169 зорилтын 156 буюу 92% нь олон улсын хүний эрх, хөдөлмөрийн эрхийн норм, стандартыг чандлан хангахгүйгээр биелэх боломжгүйг анхаарах хэрэгтэй байна.  Иймд ХЭНИЙГ Ч ОРХИЛГҮЙ ХӨГЖИХИЙН тулд дараах асуудлуудад анхаарч ажиллахыг шаардаж байна.  Үүнд:


1. 2019 онд тогтвортой хөгжлийн зорилтуудаар хийх НҮБ-ын өндөр түвшний улс төрийн форумын “үндэсний сайн дурын хэлэлцүүлэг”-т бэлтгэж олон талын оролцоотой үндэсний болон орон нутгийн түвшний зөвлөлдөх уулзалтыг нийгэм, эдийн засгийн салбар бүрээр улс даяар зохион байгуулах;
2. Монгол Улсын нийгэм,  эдийн засгийн бүх салбарын хөгжлийн бодлго, стратегийг тогтвортой хөгжлийн зарчим, үзэл баримтлалын хүрээнд уялдуулах, тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхдээ төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг ханган, сайн засаглал, хууль сахих зарчмаар хариуцлага тооцон ажиллах;
3. МУ-ын олон улсад авсан бүх амлалтуудыг үндэсний холбогдох бодлого хөтөлбөрүүдэд тусгах, тэдгээрийг бүгдийг ТХЗ-тай уялдуулах; Жишээлбэл, Эрчим хүчний салбарт баримтлах стратегийг хэрэгжүүлснээр хүн ам, эх нялхасын эрүүл мэндийг хамгаалах ТХЗ-тод хүрэхэд хэрхэн нөлөөлөх, Парисын уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах амлалттай хэрхэн уялдахыг тооцож хэрэгжүүлэх;
4. Тогтвортой хөгжлийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд  хүний эрхэд суурилсан аргачлалыг нэвтрүүлэх,  бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч албан тушаалтныг хүний эрхэд суурилсан хандлагаар ажиллах чадавхитай болгох;
5. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн үр шимийг нэн тэргүүнд нийгмийн эмзэг бүлэгт хүргэх замаар Монголын нийгэмд гүнзгийрч байгаа тэгш бус байдлыг арилгах. Хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх шийдвэр гаргахад эмзэг бүлгийн  оролцоог хангах. Нийгмийн хамгийн эмзэг хэсгийн орлогын өсөлтийг үндэсний дундчаас тогтмол дээгүүр байлгах;
6. Монголын ядуу хүн амын хамгийн том хэсгийг 40 хүртэлх ид сайхан насны хүмүүс эзэлж, тэдний энэ тарчиг байдал нь ам бүлийн хэмжээтэй шууд холбоотой байгааг харгалзаж ажил эрхлэлт, хүн амыг өсгөх болон бусад холбогдох бодлогыг олон нийтийн оролцоотойгоор хянан дүгнэж, эрс сайжруулж хэрэгжүүлэх;
7. Ядуурлыг бууруулах, эмзэг амьжиргаатай эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхдүүдийн бодит байдлыг сайжруулахад үр нөлөө өгөхгүй байгаа төсөл хөтөлбөрүүдийг зогсоох, ялангуяа зээлийн төслүүдийг үргэлжлүүлэхгүй байх, хөгжлийн албан ёсны тусламжийн үр нөлөөг дээшлүүлж, хөгжлийн үр дүнтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлэх;
8. Нийт халамжийн 69%-ийг ядуу биш хүмүүс хүртэж  байгаа учир “хэн ядуу”, “ямар ядуу” гэдгийг бодитойгоор тогтоох, ядуурлаас гарахад  тус болохгүй байгаа хавтгайрсан нийгмийн халамжийг зогсоох;
9. Хүмүүсийн амьжиргаа доройтож, банк болон банк бус санхүүгийн байгууллагын “босго” эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн иргэд, малчдад хэт өндөр байгаа тул мөнгө хүүлэгчдийн өндөр хүүтэй “өдрийн зээл”, “хоногийн зээл”, тэр ч бүү хэл,  “худгийн усны зээл”   түгэж байгаад нэн тэргүүнд анхаарч арга хэмжээ авах;
10. Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих. Үүний тулд албан болон албан бус, тогтмол болон тогтмол бус ажлын байрыг бүртгэлтэй болгож албажуулах, ялангуяа хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, нийгэм эрүүл мэндийн үйлчилгээний салбарт зохистой ажлын байр бий болгож буй жижиг дунд үйлдвэрлэгчдийг нэн тэргүүнд дэмжих;
11. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, залуус болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн цагийн ажлын хөлсний жишиг хэмжээг мэргэшил, ажлын ачаалал, хөдөлмөрлөх орчин, хариуцлага хүлээж буй цар хүрээгээр нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын аргачлалаар тогтоох. Ижил үнэлэмжтэй ажилд ижил цалин хөлс олгох;
12. Эдийн засгийн бүх салбарт тогтвортой хөдөлмөрлөх, амьдралд хүрэлцээтэй цалин авах эрх зүйн орчинг бүрдүүлэх. Энэ хүрээнд хөдөлмөрийн гэрээг хамтын хэлцлээр хийх, ажил олгогч түүнийг хэрэгжүүлж  ажиллах зохицуулалтыг сайжруулах;
13. Хөгжлийн том төслүүд, ялангуяа хүний эрүүл мэнд, амьдрах орчинд нөлөөлөх эрсдэлтэй төслүүдэд, орон нутгийн иргэдийн өмчтэйгазартай, амьжиргаатай байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхүүдэд хэрхэн нөлөөлөх үнэлгээг хуулийн дагуу заавал хийж, нөлөөлөлд өртөх иргэдийн зөвшөөрлийг авсны дараа хэрэгжүүлэх;
14. Уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн том төслүүд нь хамгийн олон ажлын байр бий болгодог эдийн засгийн сектор - хөдөө аж ахуй, мал аж ахуй, хөнгөн, хүнсний  үйлдвэрт хэрхэн нөлөөлөх үнэлгээг хийх, энэ хүрээнд хуримтлагдах болон стратегийн нөлөөллийн үнэлгээг хийсний дараа уг төслүүдийг хэрэгжүүлдэг болох;
15. Багануурт баригдаж эхэлсэн 700 МвТ цахилгаан станц Улаанбаатар хотын агаарын бохирдолд, улмаар хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг  үнэлж тогтоох хүртэл барилгын ажлыг зогсоохыг шаардаж гарын үсэг зуран хавсаргав.

Сүхбаатарын талбай, Улаанбаатар хот, 2017.12.08





Гишүүн байгууллагуудын бөглөх маягт
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар/Монгол
Хүний эрхийн форумын ёс зүйн зөвлөлийн журам
Хүний эрхийн форумын бүх гишүүдийн хурлын дэг
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумын дүрэм