2015 оны 4-р сарын 23-ны өдөр Улаанбаатар хот
Монгол Улс энэ оны 5-р сарын 5-ны өдөр хоёр дах удаагаа хүний эрхийн нөхцөл байдлаа дүгнүүлэх гэж байна. Өмнө нь 2010 оны 11 дүгээр сард анх удаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (Universal Periodic Review)-ээр хүний эрхийн нөхцөл байдлаа дүгнүүлсэн. Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг нь НҮБ-ын бүх гишүүн орны хүний эрхийн нөхцөл байдлыг ямарваа нэг гэрээ хэлэлцээрээр хязгаарлахгүйгээр, ижил тэгш нөхцөлтэйгээр дүгнэн хэлэлцдэг онцлогтой.
Эхний хэлэлцүүлгээр НҮБ-ын гишүүн орнуудаас хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр 129 зөвлөмж өгснөөс Монгол Улсын Засгийн газар 126 зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг амлалтыг авсан билээ. Засгийн газар эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2011 оны 159 дүгээр тогтоолоор баталсан хэдий ч бүрэн дүүрэн хэрэгжүүлэх чиглэлээр хангалттай хүчин чармайлт тавьсангүй. Олон чухал зөвлөмж хэрэгжээгүйгээс дурьдахад хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах, ялгаварлан гадуурхалтыг хориглох хууль тогтоомж батлах, эрүү шүүлттэй тэмцэх, хүрээлэн буй орчны болон хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг болно.
Мөн түүнчлэн Үндэсний илтгэлийг иргэний нийгэм, ялангуяа хүний эрх нь өдөр тутам зөрчигдөж байгаа хүн амын бүлэгтэй өргөн хүрээнд зөвлөлдөх замаар бэлтгэх ёстой боловч илтгэлийн төсөлтэй бүрэн танилцах боломжийг олголгүйгээр, зөвхөн Улаанбаатар хотод, төрийн холбогдох байгууллагын хангалттай ирцгүйгээр 3 удаагийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан. Үндэсний илтгэл бэлтгэх явцын талаар бүх хүн амд мэдээлэл хүргэх, үүн дээр үндэслэн хүн амын бүлгүүдээс хүний эрхийн нөхцөл байдлын талаарх санал бодол, баримтжуулалтыг хүлээн авах ажил огт хийгдээгүйгээс хөдөө орон нутгийн хүмүүс энэ үйл явцын гадна үлдэхэд хүрсэн. Үүний зэрэгцээ Үндэсний илтгэл хэлэлцэх зөвлөлдөх уулзалтын үеэр төрийн бус байгууллагуудаас өгсөн санал, шүүмжийг тайланд хангалттай тусгасангүй. Тиймээс Засгийн газрын хариуцан бэлтгэсэн Үндэсний илтгэл Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, үнэн бодитой мэдээлсэнгүй гэж Хүний эрхийн ТББ-уудын Форум дүгнэж байна.
Тус Форумыг төлөөлж Глоб Интернэшнл төв, ЛГБТ Төв, Мон-Аме судалгааны төв, Оюу Толгой хяналт, Хүний эрх, хөгжил төв нь UPR Info, Олон улсын ИЛГА байгууллага, ННФ-ын дэмжлэгтэйгээр 2015 оны 4-р сарын 7-ноос 10-ны хооронд Швейцарь Улсын Женев хотноо UPR Info байгууллагаас зохион байгуулсан бэлтгэл хуралдаанд оролцлоо. Энэ үеэр НҮБ-д суугаа 30 гаруй улсын байнгын төлөөлөгчидтэй уулзаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүнсний аюулгүй байдал, хүний эрхийг хамгаалах эрх зүйн шинэтгэл, бичил уурхай, уул уурхай болон байгаль орчинд хамааралтай хүний эрх, ялгаварлан гадуурхалт, цөөнхийн эрх зэрэг Монгол Улс дах хүний эрхийн тулгамдаж буй асуудлуудыг танилцуулав.
Монгол Улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газарт нээлттэй урилга хүргүүлсэн ч тус хуралдаанд ирж оролцсонгүй. Засгийн газар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд гишүүнээр сонгогдох боломжийг эрэлхийлж байгаа ч НҮБ-ын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг, гэрээний хороод, бусад хүний эрхийн механизмтай хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үр нөлөөтэй хамтран ажиллахгүй байгаа, хүний эрхийн чиглэлээр зохион байгуулагдаж буй олон улсын арга хэмжээнд хайнга, хариуцлагагүй хандаж байгаа зэрэг нь Монгол Улсыг хүний эрхийн чиглэлээр олон улсын тавцанд идэвхгүй байр суурьтай болохыг илтгэн харууллаа.
Тиймээс Засгийн газар хүний эрхийн чиглэлээр тавьж буй хүчин чармайлтаа шинэ түвшинд хүргэх, энэ чиглэлээр НҮБ-ын хүний эрхийн механизмуудтай идэвхтэй хамтран ажиллах, энэ үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн бодит оролцоог хангах шаардлагатай байна гэж Хүний эрхийн ТББ-уудын Форум үзэж байна.