Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит түгээмэл хэлэлцүүлэгт 2 дахь удаа орж, 2015 оны 5-р сарын 5-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Нэгдсэн чуулганы үеэр 150 зөвлөмжийг хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан билээ. Үлдсэн 14 зөвлөмж нь УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд хамаарах тул хэрэгжүүлэх боломжгүй хэмээн татгалзсан юм.
Монгол улсын Засгийн газар 2015 оны 5 дугаар сарын 05-нд болох Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - Universal Periodic Review)-ийн ажлын хэсгийн 22-р хуралдаанд Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлээ хэлэлцүүлэх гэж байна.
Монгол улс 4 жилийн өмнө буюу 2010 оны 11-р сарын 02-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт анх удаа оролцсон бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нийт 129 зөвлөмж өгсөнөөс Засгийн газар
126 зөвлөмжийг хэрэгжүүлэх амлалт авсан юм.
Монгол улсын Засгийн газар нь UPR-ын шийдвэрүүдэд тусгагдсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдөр дээрх зөвлөмжүүдийг хэрхэн биелүүлсэн талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлээ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлжээ.
Монголын Засгийн газар 2015 оны нэгдүгээр сарын 19-нд Үндэсний илтгэлээ илгээсэн байх ёстой байсан ч хугацаа хоцроож 20 хоногийн дараа 2015 оны 02-р сарын 10-ны өдөр хүргүүлсэн тухай
ХЗЯ-ны 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4/673 тоот албан бичгээр Хүний эрхийн ТББ-ын Форумд мэдэгдсэн юм.
Үндэсний илтгэлийг хэлэлцэх UPR –ын ажлын хэсгийн хуралдаанаас өмнө
ТББ-ууд
Хүний эрхийн үндэсний Комисс
Холбогдох бусад байгууллагууд илтгэлүүдээ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлдэг.
UPR-ийн хэлэлцүүлэгт орж буй улсын хүний эрхийн төлөв байдлыг үнэлэхдээ тухайн улс нь хүний эрхийг хангах хамгаалах талаар олон улсын өмнө хүлээсэн дараах үүрэг амлалтуудаа хэрхэн биелүүлж байгааг дүгнэн үзнэ.
Үүнд:
- НҮБ-ын дүрэм;
- Хүний эрхийн түгээмэл тунхаглал
- Нэгдэн орсон хүний эрхийн олон улсын болон бүс нутгийн гэрээ, хэлэлцээр;
- Тухайн улсаас ХЭЗ-ийн гишүүнд нэр дэвшихдээ авсан болон олон улсын өмнө авсан бусад үүрэг амлалтууд;
- Түүнчлэн олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн харилцан хамааралт байдлаас хамааран хэлэлцүүлэгт олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг хэрэглэж болно.
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - Universal Periodic Review) нь тухайн орны Засгийн газар олон улсын өмнө хүний эрхийн үүрэг, хариуцлагаа хэрхэн тайлбарлаж, ямар амлалт авч байгаа, түүний хэрэгжилтэнд хяналт тавих маш их ач холбогдолтой шинэ механизм юм.