Хүний эрхийн ТББ-уудын Форумын гишүүд яам, агентлагийн удирдлагуудтай 2013 оны 12 дугаар сарын 10-наас 2014 оны 4 дүгээр сарын 30-ны хооронд уулзаж, НҮБ-ын Хүний эрхийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.
Хүний эрхийн ТББ-уудын Форум 25 албан бичиг хүргүүлж, 48 цагийг утсаар ярихад, 20 цагийг албан тушаалтнуудтай уулзахад зарцуулжээ.
Уулзалтууд зохион байгуулахад хүсэлтийн хариу өгөхгүй удах, хүргүүлсэн албан бичиг замаасаа алга болох, асуудал хариуцсан ажилтантай холбогдох шат дамжлага олон, уулзахаар хүсэлт тавьсан албан тушаалтнууд оролцохгүй байх зэрэг хүндрэл төрийн бус байгууллагуудад тулгарч байв.
Форумын гишүүдийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Жендерийн үндэсний хороо, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь Монгол ардын намын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ы Шудрага ёс эвслийн бүлэг тус тус хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд, Батлан хамгаалах яам, Зам тээврийн яам, Сангийн яам, Уул уурхайн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Газрын тосны газар, Нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт тавьсан ч хүлээж авсангүй.
Тухайн яам, агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах зөвлөмжийн хэрэгжилт, тулгарч байгаа бэрхшээл, энэ чиглэлээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын зохион байгуулж буй сургалт, мэдээлэл, хэлэлцүүлэгт холбогдох ажилтнаа оролцуулж байх, олон улсын хүний эрхийн байгууллагуудын зөвлөмжийг хэрэгжүүлэх, явцыг үнэлэхэд төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд тодорхой төсөв санхүү, хүний нөөцийг хуваарилах нь зүйтэй болохыг уулзалтын үеэр төрийн байгууллагууд онцлов.