UPR нь дараах үе шатаар үргэлжлэн явагдана.
1. UPR –т бэлтгэх үе
UPR-ийн хэлэлцүүлэгт орох улс орнууд ХЭЗ-аас баталсан “UPR –т мэдээлэл бэлтгэн илгээх удирдамж” -ийн дагуу тухайн улсын хүний эрхийн төлөв байдлыг үнэлэхэд үндэслэх эцэслэн боловсруулсан тайлан илтгэлүүдийг заасан хугацаанд хүргэсэн байх ёстой.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан журамд Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг - UPR –т илгээх Үндэсний илтгэлийг үндэсний хэмжээнд холбогдох бүх талуудтай өргөнөөр хэлэлцсэний үндсэн дээр бэлтгэхийг гишүүн улсуудын Засгийн газруудад зөвлөсөн тул илтгэл бэлтгэх бүхий л үе шатанд иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудыг оролцуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй юм.
2. UPR-ийн Ажлын хэсгийн хуралдаан
Ажлын хэсэг жилд 3 удаа хуралдаж 2 долоо хоног үргэлжлэх нэг удаагийн хуралдаанаар 16 улсын хүний эрхийн асуудлыг авч хэлэлцдэг.
Ажлын хэсэгт ХЭЗ-ийн гишүүн 47 улс оролцох ба ажиглагч улсууд ч оролцож болно. Энэ хуралдаан нь 3 цаг үргэлжлэх ба асуулт хариултын хэлбэрээр явагдана. Хуралдаанд тухайн улсын засгийн газрын төлөөлөгчид хуралдаанд оролцоно.
Ажлын хэсгийн хуралдааны үеэр нэг цаг гучин минутыг хэлэлцсэн улс бүрийн илтгэлийг батлахад зарцуулдаг. Үүнийг тухайн улсын илтгэлийг хэлэлцсэнээс хойш 48 цагийн дотор баталдаг. Илтгэлээ хэлэлцүүлж байгаа улс зөвлөмжийг хүлээн зөвшөөрч байгаа эсэхээ урьдчилан илэрхийлэх боломжтой. Зөвлөмжийг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл татгалзсан аль аль нь илтгэлд тусгагддаг. Илтгэлийг баталснаас хойш хоёр долоо хоногийн дотор хэлэлцэгдсэн улсын мэдэгдсэнээр илтгэлд редакцийн засвар хийж болно.
Ажлын хэсгийн хуралдаанаас тухайн улсын Засгийн газарт хандсан дүгнэлт, зөвлөмжүүд гарах ба Засгийн газар сайн дурын амлалт, үүрэг авах боломжтой.
Ажлын хэсгийн хуралдаанд ТББ-ууд оролцож болох ч үг хэлэх, асуулт асуух эрхгүй. Иймд энэ үе шатанд ТББ-ууд ажлын хэсгийн гишүүдэд хандсан нөлөөлөл хийж, үндэсний тайланд тусгагдаагүй, Засгийн газар арга хэмжээ авахгүй байгаа хүний эрхийн асуудлуудын талаар асуулт асуулгаж болно. Ийнхүү асуусан асуулт, Засгийн газрын хариулт нь ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлд тусгагдан, UPR-ын эцсийн шийдвэрт нөлөөлөх тул энэ чиглэлийн нөлөөллийн үйл ажиллагаа маш чухал.
3. Ажлын хэсгийн хуралдаанаас ХЭЗ-ийн Бүгд хурал хүртэл үе
Энэ хугацаанд тухайн улсын Засгийн газар Ажлын хэсгийн хуралдаанаас гарсан аль зөвлөмжийг хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдэх, эсвэл амлалт үүрэг авах үе тул аль болох олон зөвлөмжийг хэрэгжүүлнэ гэсэн амлалт авахуулахад ТББ-уудын нөлөөлөл чиглэгдэнэ.
Ажлын хэсгийн хэлэлцүүлгээр зохих түвшинд гаргаж ирээгүй асуудлууд, бусад улсуудын гаргасан зөвлөмжид ХЭЗ-ийн Бүгд хурлын үеэр хариулж болно. Дүгнэлт хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар санал бодлоо илэрхийлэхийг хүссэн гишүүн болон ажиглагч улсууд, түүнчлэн ТББ бүгд хуралд оролцох, үг хэлэх, асуулт асуух эрхтэй
4. UPR-ын дараа
UPR-аас дараах агуулга бүхий шийдвэр гарна.
- Хүний эрхийн төлөв байдалд өгсөн үнэлэлт
- Дэвшилттэй талууд
- Хүний эрхийг хамгаалах талаар хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай асуудлууд
- Хүний эрхийг хангах хамгаалах талаар тухайн улсын чадавхийг бэхжүүлэх, техникийн туслалцааны асуудлууд
- Засгийн газрын авсан сайн дурын амлалт, үүрэг
- ХЭЗ-өөс Засгийн газарт, Хүний эрхийн үндэсний байгууллагуудад өгсөн зөвлөмжүүд
UPR-ын шийдвэрүүдэд тусгагдсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үндсэн үүргийг хэлэлцүүлэгт орсон улсын засгийн газар хүлээнэ. Тухайн улс хоёр дахь удаагаа UPR-ээр орох цаг нь болоход 4 жилийн өмнө өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаарх мэдээлэх ёстой.
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - Universal Periodic Review) нь тухайн орны Засгийн газар олон улсын өмнө хүний эрхийн үүрэг, хариуцлагаа хэрхэн тайлбарлаж, ямар амлалт авч байгаа, түүний хэрэгжилтэнд хяналт тавих маш их ач холбогдолтой шинэ механизм юм.