Жил бүр 48 улс UPR-т орох ба 4 жилд НҮБ-ын гишүүн 192 улс бүгд хүний эрхийнхээ төлөв байдлыг хэлэлцэж дуусна. Үүнийг UPR-ийн нэг мөчлөг гэх бөгөөд 2007 оны 9-р сарын 21-нд ХЭЗ UPR-ийн эхний дөрвөн жилийн мөчлөгөөр орох НҮБ-ын гишүүн 192 улсын дараалал тогтоосон
хуанли баталсан.
UPR-ын ажлын хэсэг жилд 3 удаа хуралддаг тул 2 долоо хоног үргэлжлэх нэг удаагийн хуралдаанаар 16 улсын хүний эрхийн асуудлыг авч хэлэлцдэг. 2008 оны 4-р сард UPR-ийн эхний хэлэлцүүлэг болжээ.
UPR-т орох улсуудын ээлж дарааллыг тогтооход газар зүйн тэнцвэрт байдлыг харгалзах ба үүний тулд эхний ээлжинд хэлэлцүүлэгт орох гишүүн болон ажиглагч улсуудыг бүсийн бүлгүүдээс сугалах байдлаар сонгон авна. Сайн дураараа хэлэлцүүлэгт орохоос бусад тохиолдолд хэлэлцүүлэгт орохоор сонгогдсон улсууд нь цагаан толгойн үсгийн дарааллаар хэлэлцэнэ.
UPR –ийг хэн удирдан явуулдаг вэ?
UPR –ийг ХЭЗ-ийн 47 гишүүдээс бүрдсэн UPR-ийн Ажлын хэсэг гардан явуулна. UPR-д орж буй улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцсэн Ажлын хэсгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЭЗ-ийн Бүгд хурлаар батлана.
Ажлын хэсгийн хуралдааныг удирдан явуулах, ажлын хэсгийн илтгэлийг бэлтгэх үүрэг бүхий 3 илтгэгчийг (Гурвал) ХЭЗ-ийн гишүүдийн дундаас шодох аргаар сонгоно. Гэхдээ газар зүйн өөр өөр бүсийн төлөөлөл байх ёстой. UPR-т орж буй тухайн улс 3 илтгэгчийн нэгийг нь өөрийн хамаарах бүсээс сонгохыг санал болгож болно.
Гурвал нь Ажлын хэсгийн хуралдааны үеэр хэлэлцүүлэгт орж буй улсад тавигдах асуулт болон хэлэлцэх асуудлуудыг урьдчилан бэлтгэж болно. Гурвалыг шаардлагатай тусламж, мэдээллээр хангах үүргийг Хүний эрхийн дээд комиссарын газар /ХЭДКГ/ хүлээнэ.